НийслэлFocus

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90.6 хувьтай байжээ. Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний чанар, борлуулалтад тавих хяналтыг сайжруулах үүрэг өгсөн. Өнгөрсөн 2022 онд борлуулалтын 650 цэгээр дамжуулан гэр хорооллын айл өрхийг нийт 533,300 тонн сайжруулсан шахмал түлшээр ханган ажиллажээ. Өнөөдрийн байдлаар 82 мянган тонн түлшний нөөцтэй байна.

Түүхий эд, барьцалдуулагч, шуудайн нөөц хангалттай байгаа юм. Мөн инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник, тоног төхөөрөмж, бодис, давсны бэлэн байдлыг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-нд үүрэг болгосон. Тэгвэл инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, 12 байгууллагын 172 машин механизм, 21 техниктэйгээр бодис, давсны бэлэн байдлыг ханган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд нийт 17,046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Аж ахуйн нэгж ойр орчмынхоо 50 метр хүртэлх газрыг цэвэрлэх үүрэгтэй. Тэгвэл дээрх аж ахуйн нэгжийн 67.4 хувь буюу 11,485 нь 565,699 ам метр талбайн цас, мөсийг цэвэрлэсэн байна.

Хүүхдийг хүчирхийлэлд өртөх, ахуйн осолд орохоос урьдчилан сэргийлж ажиллаж байна

Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өгсөн юм.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 17,194 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй дуудлага 2589 бүртгэгдэж, 65 нэгжээр буурсан. Хүнийг санаатай алах гэмт хэрэг бүртгэгдээгүй. 3100 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6  дахин өссөн үзүүлэлт. Өнгөрсөн долоо хоногт ахуйн хүрээний дуудлага олон ирсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар эргүүл, хяналт 24 цагаар үүрэг гүйцэтгэж, зөрчлийг газар дээр нь таслан зогсооход анхаарч ажиллалаа. Гэмт хэргийн 2500 дуудлага, мэдээлэл ирснээс 1046 нь гэмт хэргийн шинжтэй гэж бүртгэгдэж, шалгагдсан.

Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 23.1 хувиар буурсан  үзүүлэлт. Арванхоёрдугаар сарын 31-нд талбай дээр болсон Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээнд нийт 250 алба хаагч онцгой, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудтай хамтран ажилласан. Ноцтой дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй. Бага насны хоёр хүүхэд төөрснийг шуурхай ажиллан, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн” гэв. Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг хүчирхийлэлд өртөх, ахуйн осолд орохоос урьдчилан сэргийлж ажиллаж байгааг онцоллоо.

Багануур дүүрэгт бог малын мялзан өвчин бүртгэгдлээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 81 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр утаажилтын бүсээс 216 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 198 иргэнийг аварч,  6.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. 2023 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар объектын гал түймэр 87, аврах ажиллагааны 15, малын гоц халдварт өвчний нэг, нийт 103 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.9 хувиар буурсан үзүүлэлт” гэлээ.

Багануур дүүрэгт өвөлжиж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн малд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлагаар арванхоёрдугаар сарын 29-нд дээж авч шинжлүүлэхэд бог малын мялзан өвчин оношлогджээ. Иймээс дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоох ажлыг зохион байгуулж байгаа юм.

Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Баасанжав нийслэлийн замын хөдөлгөөний өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийслэлийн гудамж, замд өдөр болон шөнийн цагаар 192 хяналтын цэгт 524 алба хаагч замын хөдөлгөөний зохицуулалтад хяналт тавьж ажиллалаа. Хяналт шалгалтаар 23,398, хяналтын камераар 17,581 зөрчил илрүүлсэн. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон 446 зөрчлийг таслан зогсоосон” хэмээв.

Хүүхдийн орны ачаалал 80 хувьтай байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Нийт томуугийн өвчлөлийн 45 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа. Хүүхдийн түргэн тусламжийн 2091 дуудлагын 63.9 хувь нь томуу, томуу төст өвчин байна. Хүүхдийн эмчилгээнд 1222 ор ашиглаж байгаагаас 985 хүүхэд хэвтэн эмчлүүлж, орны ачаалал 80 хувьтай байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 102 хүн яаралтай тусламжаар ирж, хэвтэн эмчлүүлсэн” гэлээ. Мөн нийслэлийн хэмжээнд коронавирус болон томуугийн хариу арга хэмжээний бэлэн байдлын эмчилгээний гурван сарын нөөцтэйг танилцуулав.

Өглөө бүр 30-40 тонн давс, бодис цацаж байна

Халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цас, мөсний цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Хотын дарга өгсөн. Хэрэгжилтийн талаар Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Манай газар 185 км зам хариуцдаг. Шөнөдөө 30 хэм гарч хүйтэрч, хялмаа их унаж байна. Давсны 119 тонн, 270 тонн орчим бодисын үлдэгдэлтэй байгаа. Өглөө бүр уулзвар, гарц, өгсүүр, уруу замд 30-40 тонн давс, бодис цацаж байна. Шинэ жилийн “Мөнгөн үдэш” арга хэмжээнд 18 зам, талбайн үйлчлэгч гурван машинтай ажилласан. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэлээ.

3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй

Мөн энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баярааг томилсныг удирдах ажилтнуудад танилцуулав. Тэрбээр “Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогны асуудалд анхааран ажиллаж байна. Зургаан дүүрэгт газар дээр нь ажиллалаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч нарийн цэвэрлэгээг хангалтгүй хийж байна. Замын нууханд үлдсэн давс, бодис, цасыг цэвэрлэдэггүй, автобусны буудалд гулгаа их үүсжээ. Иймээс нарийн цэвэрлэгээг сайтар хийх шаардлагатай байгаа. Давс, бодисын хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй байгаа. 15 вагон бодис орж ирж байгаа. Эхний гурван вагон буюу 2300 тонн бодис буусан. Дүүргүүдэд бодис хангалтгүй байгаа тул дүүргүүдэд олгохоор төлөвлөсөн” гэлээ.

Мөн золбин нохой, муурын устгалд сумны асуудал хөндөгддөг. Энэ квотыг хот өөрөө авах хүсэлтээ Хууль  зүйн яаманд өгч байгааг хэлж байлаа.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд нар сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтийн талаар мэдээлэл өгч, нийслэлээс хийж байгаа ажлуудыг танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах ёстойг онцолж байлаа.

Байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхийг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал,

  • Улс, нийслэлийн бодлогын томоохон зорилтуудыг 2023 ондоо ажил хэрэг болгож, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлж, салбар дундын уялдаа холбоог хангаж, нэгдсэн удирдлагаар хангах.
  • Бодлогын хүрээнд түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэх ажлуудыг эрчимжүүлж, НЗДТГ-аас нэгдсэн удирдлага, бодлогоор хангаж ажиллах.
  • Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, ухаалаг төрийн албыг төлөвшүүлэхэд анхаарах, төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах.
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар татан буугдсантай холбоотойгоор нутгийн захиргааны зарим байгууллагуудын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах байдлыг алдагдуулахгүйгээр зохион байгуулж ажиллах.
  • Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулах, хот, хөдөөгийн хөгжлийн зохистой тэнцвэрийг хангах зорилгоор нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг хүн амынхаа тоог 20 хувиар нэмэгдүүлэх бодлогын чиглэлийг баримтлах Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах.
  • Дотоодын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан үндэсний бараа, бүтээгдэхүүнээр “Сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн, арга хэмжээ”-г зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж ажиллах.
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах.
  • Нийтийн эзэмшлийн гудамж, орон сууц, гэр хорооллын гудамж дундах явган хүний зам болон аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын талбайн цас, мөс цэвэрлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд нь тогтмол Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах.
  • Орон сууцны хороолол болон гэр хорооллын хог хаягдлын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шаардлагатай хүн хүч, машин, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/1349 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.
  • Нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагч, удирдах албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллахыг тус тус үүрэг болгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close