НийтлэлБайгаль орчинWorldОнцлох

Fast fashion: Хурдан борлогддог хувцаснууд дэлхийн дулааралд нөлөөлдөг

Дэлхий даяар нүүрсхүчлийн хийн ул мөр, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлд анхаарал хандуулж, дэлхийн дулаарал, уур амьсгалын хямралын үр дагаврыг улам бүр дордуулж байгааг ухамсарлах болсон. Түүнчлэн загварын салбар, тэр дундаа хурдан загварыг үйлдвэрлэгч компаниуд дэлхийн хог хаягдал, уур амьсгалын өөрчлөлтөд оруулдаг хувь нэмрээрээ олны анхаарлын төвд ороод байна. Анхаарал татаад буй хурдан загвар гэж яг юу вэ?

Хурдан загварын тухай-д

Хэрэглэгчийн хүсэж буй хамгийн сүүлийн үеийн чиг хандлагад нийцүүлэн хямд үнэтэй, чанар муутай хувцаснуудыг маш богино хугацаанд үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг технологийг FAST FASHION буюу ХУРДАН ЗАГВАР гэдэг.  

Анх 1990-ээд оны эхээр Испанийн ZARA америкт салбараа нээхдээ Нью-Йорк Таймс сонинд “Хувцасны загвар зохион бүтээх шатнаас дэлгүүрт зарагдах хүртэл ердөө 15 хоног зарцуулдаг нь манай брэндийн эрхэм зорилго” хэмээн нийтлүүлсэнээр энэхүү нэр томъёо гарчээ. Дэлхийн хамгийн алдартай хурдан загварын брэндүүдийн тоонд UNIQLO, FOREVER 21, ZARA, H&M, зэрэг брэндүүд багтдаг. Хурдан загварын бизнес нь дизайн, үйлдвэрлэл, түгээлт, маркетингийг хурдтай амжуулж, жижиглэн худалдаалагчдад илүү олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг татан авах боломж олгодог.

Хэрэглэгчдэд ч хямд үнээр, бусдаас ялгарахуйц загварлаг хувцастай болох боломжийг олгодог. Гэсэн ч энэ систем нь хэрэглэгч хямд үнэтэйг илүү сонирхож, сүүлийн үеийн загварын чиг хандлагын “боол” болсон хэт их хэрэглээг өдөөсөөр байна.

Нөгөө талаар хэрэглэгч өндөр чанартай, удаан эдэлгээтэй ч удалгүй загвар нь хуучирдагаас илүүтэй хямд үнэтэй хувцас худалдаж авах нь амар хялбар, хэмнэлттэй байдаг. Гэвч чанар муутай учраас элэгдэлд илүү өртөж, хурдан хаяхад хүргэдэг тул хямд үнэтэй хувцсыг тасралтгүй худалдан авдаг. Худалдан авах, хаях энэ мөчлөг нь дэлхий дээр өдөр бүр олон тооны нэхмэл эдлэл, хувцасны хаягдал хуримтлагдаж, байгаль орчны асар том асуудал үүсгэж байна.

Тэгвэл яагаад хурдан загвар муу юм бэ?

Дэлхий даяар жил бүр ойролцоогоор 92 сая тонн нэхмэлийн хог хаягдал бий болдог. 2030 он гэхэд энэ тоо 134 сая тонн хүртэл өсөх төлөвтэй байна. Учир нь энэ төрлийн хувцасны ихэнх нь биологийн задралд ордоггүй.

Нэхмэлийн хаягдал нь загварын салбараас гарч буй байгаль орчинд үзүүлэх цорын ганц нөлөө биш юм. Хувцасны хэт өндөр эрэлтийг хангах, ялангуяа синтетик утас үйлдвэрлэхэд асар их эрчим хүч шаардагдана.

“Quantis International 2018”-ын тайланд дурьдсанаар дэлхийн бохирдолд нөлөөлөх гол хүчин зүйл нь будах болон өнгөлгөө (36%), утас бэлтгэх (28%) болон утас үйлдвэрлэл (15%) байна гэжээ. Мөн хөвөн тариалалтын улмаас цэвэр усны татан авалт (гадаргын болон гүний усны эх үүсвэрээс урсах эсвэл татсан ус) болон экосистемийн чанарт  хамгийн их нөлөө үзүүлдэг байна.

Хурдан загварын салбар нь дэлхийн нүүрстөрөгчийн ялгарлын бараг 10 хүртэлх хувийг эзэлдэг. Энэ нь агаарын тээвэр, далайн тээврийн салбарыг нийлүүлснээс ч илүү, дэлхийн бохир усны бараг 20 хувь буюу нэхмэлийн будалтаас 93 тэрбум шоо метрийг эзэлдэг гэж НҮБ-ын Байгаль орчны тайланд дурджээ.

Харин Business Insider-ийн мэдээлснээр энэ нь усны эх үүсвэрийг ширгэж, гол горхи бохирдуулдаг бол нийт нэхмэлийн 85 хувь нь жил бүр хогийн цэгт очдог. Хувцас угаахад хүртэл жил бүр 500 000 тонн бичил утас далайд ялгардаг нь 50 тэрбум хуванцар савтай тэнцэнэ.

Гэвч бизнесийн ийм загвар нь үйлдвэрлэгч компаниуд болон жижиглэнгийн худалдаачдад маш ашигтай болох нь батлагдсан тул түүнийг өөрчлөх бодит сонирхол байдаггүй. Тиймээс компаниуд үнийг бууруулж, илүү их хэрэглээг дэмжин органик бус нийлэг, химийн бодисоор боловсруулсан материал ашиглах замаар үйлдвэрлэлийн зардлаа л бууруулж байна.

Дэлхийн хүмүүсийн хувцасны хэрэглээ асар хурдацтай нэмэгдэж байгаа тул хурдан загварын салбар тийм ч амархан алга болохгүй. 2000 оноос хойш хувцасны борлуулалт жилд 100-200 тэрбум ширхэг болж хоёр дахин нэмэгдсэн бол эсрэгээрээ  нэг хувцсаа удаан өмсдөг хүний тоо 36%-иар буурсан аж.

Загварыг үйлдвэрлэхээс эхлээд худалдан авалт хүртэл бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гинжин хэлхээгээр дамждаг хугацааг “хүргэх хугацаа” гэж нэрлэдэг. Zara хоёр долоо хоногт, Forever 21 зургаан долоо хоногт, H&M найман долоо хоногт шинэ хувцас зохион бүтээх, үйлдвэрлэх, хүргэх зорилготой. Үүний үр дүнд хурдан загварын салбар нь дуусч, дундрашгүй их хог хаягдал гаргасаар байна.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид зааснаар 2030 он гэхэд зөвхөн нэхмэлийн үйлдвэрлэлээс ялгарах утаа 60 хувиар өсөх төлөвтэй байна. Тиймээс уншигч та хувцас сонгон худалдан авахаасаа өмнө үнэхээр өөртөө хэрэгтэй эсэхийг дахин нэг бодоорой гэж зөвлөе.

Үргэлжлэл бий …

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзээрэй

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close