БоловсролОнцлох

Гурван сургууль тутмын 1 нь мэргэшсэн сэтгэл зүйчтэй боллоо

Одоогоос жил хагасын өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх болон сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж, ерөнхий боловсролын салбарт сэтгэл зүйчийн дэд тогтолцоог бүрдүүлэх асуудлаар санал солилцож байв.

Анх 2021 оны 7 дугаар сард Швейцарын хагжлийн агентлаг “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц 30 сургууль дээр боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэн бэлтгэсэн бол үүний дараа Бадамлин НҮТББ үндэсний лаборатори 45 сургуулийг боловсролын мэргэшсэн сэтгэл зүйчтэй болгох ажлыг дэмжиж, хамтран ажилласан юм.

НҮБ-ын Хүүхдийн сангаас боловсролын салбарт сэтгэл зүйчийн дэд тогтолцоог бэхжүүлэх, боловсролын сэтгэл зүйчдийг бэлтгэх асуудлыг дэмжин хүсэлт гаргасан ерөнхий боловсролын сургуулиудын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх 3, 4 дүгээр ээлжийн сургалтыг хамтран зохион байгууллаа.

4 дэх ээлжийн сургалтад 103 сэтгэл зүйч бүртгүүлснээс 88 сэтгэл зүйч сургалтаа амжилттай дүүргэн боловсролын сэтгэл зүйчээр мэргэшин батламжаа гардан авав.

Сургалт 2022.11.07-оос 2022.12.16-ны өдрийг хүртэл үргэлжилж, нийт 4 долоо хоногийн танхимын хичээл, 2 долоо хоногийн дадлага ажил гэсэн хэсэгтэйгээр явагдлаа.

Тус сургалтаар Улаанбаатар хотын дүүргүүд, Өвөрхангай, Дархан-Уул, Баянхонгор, Орхон, Өмнөговь, Увс, Дорнод, Говь-Алтай, Хэнтий, Баян-Өлгий, Хөвсгөл, Сүхбаатар, Төв, Сэлэнгэ зэрэг аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах сэтгэл зүйчид мэргэшлээ.

Дэмжлэг үзүүлж санхүүжүүлсэн UNICEF Mongolia, хамтран зохион байгуулсан Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, Монгол Улсын Боловсролын Их сургууль болон хамтран ажилласан бүх байгууллагууддаа талархал илэрхийлж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close