Д.Амарбаясгалан: “ЭТТ”-н 9 гэрээг нууцын зэргээс гаргалаа
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Эрдэнэс таван толгойн 9 гэрээг нууцын зэргээс гаргах тогтоолын төсөл батлагдсан талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын УАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамаарсан байсан 9 гэрээг нууцаас гаргалаа. Энэхүү гэрээ нууцаас гарснаар нэгдүгээрт, УИХ дээр байгуулагдсан нүүрсний хулгайн гэмт хэрэгтэй холбогдуулж бий болгосон төр хороонд шилжүүлэх, хоёрдугаарт, энэ гэрээтэй холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчлийн нөхцөлд орсон эсэхийг хянаж, шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлэх үүрэг даалгавар өгөгдсөн.
ЭТТ компаниас хэрэгжүүлж буй 9 төсөлтэй холбоотой нууцын зэрэглэлтэй гэрээнүүд:
1. Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх шилдэг технологи нэвтрүүлэх төсөл
2.Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл
3. Загийн усны хоолойн газрын дорх усны ордоос Тавантолгойн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил
4. Богдхан төмөр замын суурь бүтэц барих төслийн ажил
5. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажилд тус тус долоон нууц байсан гэрээг ил болгох буюу ЭТТ ХК-тай холбоотойгоор
6. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотой Монголын төмөр зам ТӨХК, ЗХЖШ болон УБ төмөр зам нарын хамтарсан тус төмөр замыг барьж, байгуулахтай холбоотой гэрээ ЗТХЯ-нд харъяалагдаж байсныг нууцаас гаргах шийдвэрийг Ерөнхий сайд гаргалаа.
Эдгээр гэрээг ил болгож, АТГ-т өгч шалгуулах, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхтэй холбоотой зүйлийг нягтлах, УИХ-д байгуулагдсан түр хороонд шилжүүлэх үүрэг өгсөн. Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой эдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг шалгах ажил үргэлжилнэ.
Засгийн газраас цаашид энэ мэт бүтээн байгуулалтын төслүүдийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад авдаг байдлыг таслан зогсооё. Цаашид Монгол Улсын Засгийн газар нэг ч нууц гэрээг батлахгүй гэсэн зарчмын шийдэлд хүрсэн. Нууц гэрээтэй холбоотой мэдээллийг хариуцсан байгууллагууд дэс дараатайгаар олон нийтэд хүргэнэ гэж тэрбээр мэдээлсэн юм.