театрОнцлохФото сурвалжлагаШинэ мэдээ

Сэтгэлийн харанхуйг гэрэлтүүлэгч “ОПАЛ”

Хүн бүр аз жаргалтай, сайн сайхан амьдрахыг хүсдэг ч тийм боломж үгүй. Зарим хүн зүгээр л элэг бүтэн амьдралтай, хайртай хүмүүстэйгээ хамтдаа байхыг хүсдэг бол нөгөө нэгэн нь мөнгөтэй л болчихвол сайхан болчих мэт сэтгэнэ. Гэвч туйлын үнэн гэж хаана ч үгүй. Бүгд л өөр өөрийн замаар аз жаргалын эрэлд “хатна”.

Хайртай ханиа, охиноо алдсан тэр эмэгтэй өөртөө байхгүй бүхнээ хаанаас ч юм хайж, хэнд ч хор гэм хийлгүй хорвоогийн өдөр хоногийг өнгөрүүлэн амьдарна. Хайртай хүмүүс нь байхгүй болсон гээд араас нь хүссэнээрээ явчихаж болдоггүй хяслантай хорвоо. Тэр хүмүүний шунаг сэтгэл, атаа хорсол, гомдол цөхрөл уйтгар гунигаа гээж зүгээр л хайр дүүрэн амьдардаг. Гэвч нэг л өдөр өөрийнх нь орон зайд орж ирсэн хүмүүс хичнээн муу санаа агуулсан ч хамаагүй тэдэнд тусалж, сэтгэлийн харанхуйд нь гэрэл асааж, аз жаргалаа олоход нь туслах боломж олджээ. Магадгүй тэр энэ амьдралд илүү ихийг хийж, бүтээж, хайрлаж, хайрлагдах гэж заяагдсан нэгэн байсныг үгүйсгэхгүй. Харамсалтай нь түүний сонголт бусдаас өөр…

Энэ эмэгтэй бол сайхан сэтгэлтэй, бусдад туслах чин хүсэлтэй, хүнийг алдаа оноотой нь, ямар ч болзолгүй хайрлаж чаддаг ОПАЛ юм. ОПАЛ бол АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийн гол дүр. “Broadway” театрын алдарт бүтээл болох уг жүжгийг “Орфей” театрын уран бүтээлчид тайзнаа амилуулж, үзэгчдийн хүртээл болгож байна. Тус хамт олны гурав дахь томоохон уран бүтээл болсон “ОПАЛ” жүжгээр орчин цагийн хүмүүс бидэнд хамгийн ихээр дутагдаж буй итгэл найдвар, өөдрөг үзэл, сайхан сэтгэлийг түгээж, үзсэн хүн бүхний зүрхийг хайраар дулаацуулахыг зорих ажээ. Тиймдээ ч ОПАЛ “Хайрлана гэдэг нь хүнд хөдөлмөр, шалгалт, туршилт, маш олон сорилууд байдаг. Тэр сорилуудыг давж чадвал хайрын мөн чанарыг мэдэрнэ. Хайрлана гэдэг нь зөвхөн сайхан мөн чанарыг нь хэлж байгаа юм биш” хэмээн үзэгчдийн зүрхэнд шивнэнэ.

Амьдралын нандин харилцааг өгүүлсэн учраас энэхүү жүжгийн хаалтын тоглолтууд Монголын хүүхдийн ордонд тоглогдож байгаа ба тасалбарын үнэ 30-50 мянган төгрөг  болжээ. Үзэгч та тасалбарыг ticket.mn сайтаас захиалан үзэх боломжтой шүү.

Сонирхуулахад, жүжгийн гол дүрийг тайз, дэлгэцийн жүжигчин О.Энхтуул бүтээж буй. Тэрбээр 15 жилийн дараа театрын тайзнаа эргэн ирсэн нь энэ юм. Мөн эл жүжигт Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, МУГЖ Н.Онон, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Ариунчимэг, Т.Сэргэлэн нарын жүжигчид тайзан дээр хоршин тоглож байна. “Everybody loves Opal” жүжгийн зохиол 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогджээ. Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онуудад дэлхийн театруудад тавигдаж, “Dear Pamela” гэх нэрээр дэлхийн зарим улс оронд тоглогджээ. 2022 он гарсаар хоёр ч улсад тавигдаад буй. Энэхүү зохиолоор бүтсэн кино хүртэл байдаг аж.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close