WorldFocus

“Чингис хаан” одон хүртэх Монголч эрдэмтэн Жак Уэтерфорд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар АНУ-ын монголч эрдэмтэн, Макалестер коллежийн Эмерит профессор Жак Уэтерфорд Монгол Улсад хүрэлцэн иржээ. Монголчууд түүнийг “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” хэмээх номын зохиогч гэдгээр нь сайн мэддэг.

Тодруулбал, Жак Уэтерфордын 2004 онд хэвлүүлсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном нь олон улсад танигдаж, одоогоор 20 гаруй улсын хэлээр орчуулагдаад байна.  Мөн тус ном нь хэвлэгдсэн ондоо “Нью-Йорк Таймс” сонины хамгийн их борлуулалттай номын жагсаалтад хоёр долоо хоногийн туршид багтсан бөгөөд 300 мянга гаруй хувь зарагджээ. 

Түүнчлэн  “Амазон”-ы 2011 оны аудио номын уралдааны ялагчаар тодорсон хоёр номын нэг болж, тухайн жилээ “CNN” сувгийн долоо хоногийн шилдэг номоор шалгарсан байна. Уг ном сүүлд 2014 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Нью-Йорк таймс” сонины цахим номын жагсаалтын зургаадугаарт эрэмбэлэгджээ.

Жак Уэтерфорд нь 2010 онд “Монголын их хатдын нууц товчоон”, 2016 онд “Чингис хаан ба бурхны эрэлд: Дэлхийн хамгийн шилдэг эзэн хаан хэрхэн бидэнд шашны эрх чөлөөг өгсөн нь” бүтээлийг тус тус туурвисан. “Монголын их хатдын нууц товчоон” ном бол Чингис хааны охидын талаар бичсэн анхны ном  билээ.

ЖЭК УЭТЕРФОРДЫН ТУХАЙ ОНЦЛОХ БАРИМТУУД

Тэрбээр “Америк бол миний төрсөн нутаг, харин Монгол бол миний сэтгэл зүрхний нутаг” хэмээн ярих дуртай. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг бүтээгч Жэк Уэтерфорд АНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбиад төржээ. Өмнөд Каролинагийн их сургуулийг 1967 онд улс төрийн шинжлэх ухааны мэргэжлээр төгссөн бөгөөд социологи, антропологийн чиглэлээр мастер, доктор хамгаалсан. 

Тэрбээр ХХ зууны сүүл үеэс Монголын түүх, соёлыг судалж эхэлсэн.  Чингис хаан судлалын хүрээнд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг 2004 онд гаргасан нь энэ чиглэлийн хамгийн өндөр борлуулалттай бүтээлүүдийн нэг болжээ.  Тус бүтээлд Чингис хаан бол ухаангүй, харгис хүн гэсэн ойлголтыг эсэргүүцэж, илүү алсын хараатай дүр зургаар гаргасан байдаг.

Монголын эзэнт гүрэн зөвхөн цус урсгаж, эмх замбараагүй байдал үүсгэж байсан гэхээс илүүтэй дундад зууны үеийн дэг журмыг үгүй хийж, чөлөөт худалдаа, үзэл санааны шилжилт, шашны хүлцэнгүй байдлын эрин үеийг авчирсан гэж Уэтерфорд үзжээ. Түүний номууд өдгөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа уншигчдад Монголын эзэнт гүрнийг таниулах гүүр болж байна.

ЖАК Уэтерфордын  тухай хэн юу хэлэв?

“Жак Уэтерфорд” сангийн тэргүүн С.Эрдэнэболд: Хубилай хааны байлдан дагуулалтыг харуулах баримтат бүтээл нь удахгүй гарна

-Нэрт эрдэмтэн Жак Уэтерфорд нь 10 настайгаасаа эхэлж Монголын түүхийг судалж эхэлсэн байдаг. 20 гаруй настай байхдаа Монголын зохиолчдын эвлэл рүү захидал бичиж, Монгол Улсад ирж үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч нийгмийн хоёр системийн зөрчлөөс болж, Монголд ирж чадаагүй гэдэг. 

Ингээд Монголын тухай түүхэн судалгааны номоо биччихээд Монголд ирж, үргэлжлүүлэн гүнзгийрүүлэн судалж 7-8 жил энд амьдарсан гэдэг. 2014 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном бичсэн байна. Түүний бүтээлүүд  монгол түүх соёл, монгол бахархлыг дэлхийд таниулж, монгол  гэсэн үнэлэмжийг дээшлүүлж байгаагаараа онцгой ач холбогдолтой. 

Ромчуудын 400 жилийн дотор хийж чадаагүй эзэнт гүрнийг монголчууд 25 жилийн дотор босгосон гэдэг гайхамшигтай ухагдахууныг мөн тэр дэлхий ертөнцөд бий болгосон билээ. Жак Уэтерфордын хэлснээр Чингис хаан дэлхийн чинээлэг хүн байсан ч гэлээ тэр өөртөө алтан хөшөө бунхан, пирамид босгоогүй,  түүний бүтээсэн хамгийн том бүтээл бол орчин үеийн дэлхий ертөнцийн дэг журам юм гэдгийг хэлсэн. 

Энэ бол Чингис хааны тухай томоохон үнэлгээ.  Мөн тэрбээр Монголын залуучууд Мөнх хөх тэнгэрийнхээ доор Этүгэн газар эхийнхээ дээр эх орныхоо язгуур дархлаа болсон монгол бичгээ хүндлэн хайрлаж яваарай гэж захьдаг.  Эзэн Чингис хааныг нэг талаас байлдан дагуулагч, нөгөө талаас агуу их сэтгэгч, хууль ёсыг сахиулагч байсан гэдгийг түүний бүтээлүүд харуулдаг.  Ирэх жил Чингис хааныг залгамжлагч  Хубилай хааны Японы довтолсон тухай баримтад бүтээл мөн гаргах гэж байна. 

Зохиолч Б.Номинчимэд: Жак Уэтерфорд Чингисийн монголчуудыг дэлхийд зөвөөр таниулсан гавьяатай

– 2004 онд Вашингтон хотноо Жак Уэтерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын нээлт болж, төд удалгүй Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор шалгарч, дуулиан тарьж байлаа. Тэр цагаас хойш юутай ч Монголын түүхэнд хандах дэлхий нийтийн хандлагад багагүй өөрчлөлт орсон гэдэгт итгэлтэй байна. 2004 онд Үндэсний газар зүйн нийгэмлэгийн Монголын эзэнт гүрний тухай нэвтрүүлэгт монголчуудыг зөвхөн байлдан дагуулах, алж хядахын донтой хүмүүс, иргэншээгүй, зэрлэг омгийнхон гэсэн санаа нэвт шингэсэн байсан.

Харин Жак Уэтерфордын дээрх ном гарсны дараа 2006 оны нэгдүгээр сард Үндэсний газар зүйн нийгэмлэгийн нэвтрүүлэгт хоёр жилийн өмнө монголчуудын талаар ярьж байснаасаа огт өөр зүйлийг өгүүлж байсан юм.

Тухайлбал, Чингис хаан бол шашны эрх, эрх чөлөөг хүн төрөхтний түүхэнд хэзээ ч байгаагүйгээр хангасан, улс үндэстнүүдийн хооронд дипломат харилцаа системийг анх бий болгосон, худалдаа зах зээлийн бараг өнөөгийнх шиг үр ашигтай орчин, харилцааг бий болгосон, цэргийн шинжлэх ухаанд олон зүйлийг цоо шинээр хэрэгжүүлсэн, улс түмнүүдийн соёлын харилцааг урьд байгаагүйгээр идэвхжүүлснээр дэлхий нийтийн соёлын хөгжилд маш хүчтэй түлхэц болсон, эцсийн эцэст Чингис хаан өнөөгийн шинэ дэлхий ертөнцийг бий болгосон гэсэн байлаа.

Энэ бүх дүгнэлт бол Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номын үндсэн агуулга нь.

Үнэхээр ч монголчуудын байлдан дагуулал бүхэл бүтэн найман зууны турш нойрмоглосон дэлхий дахиныг цочроосон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 228, 229 (6960, 6961)

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close