НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ Монгол)-гийн суурин төлөөлөгч, ноён Еваристе Коуасси Комлантай уулзаж, хүүхдийн эрхийг хамгаалах хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд, ноён Комлан Соёлын яамнаас зохион байгуулж буй Соёлын бүтээлч сарын хүрээнд хүүхдийн соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулж буйд талархал илэрхийлж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд бодлогын баримт бичгээ уялдуулах асуудлаар ярилцлаа.
Соёлын яам нь төрөөс үзүүлэх соёлын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудад суурилсан “Бүх нийтийн соёлын боловсрол” дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулан батлуулахаар ажиллаж байна. ЮНИСЕФ мөн Үйл ажиллагааны таван жилийн хөтөлбөрөө боловсруулж байна. Иймд, талууд бодлогын баримт бичгүүддээ тусгагдсан хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, соёлын боловсрол, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудаа уялдуулан хэрэгжүүлэх асуудлаар харилцан ойлголцолд хүрч, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцлаа.
Ташрамд дурдахад, жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ны өдөр болдог “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тохиолдуулан ЮНИСЕФ-с хүүхдийн эрхийн төлөө тэмцэхийг уриалсан #GoBlue хөдөлгөөнийг өрнүүлдэг бөгөөд Соёлын яам энэ хөдөлгөөнийг дэмжин хамтран ажилладаг юм. Энэ жил ч мөн адил соёлын бүтээлч сарын хүрээнд хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн олон арга хэмжээг төлөвлөж, ЮНИСЕФ-тэй хамтран дээрх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна.