Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан Катар улс энэ оны 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 23 хүртэл гэр бүлийн, бизнес ангиллын, аялал жуулчлалын болон хилийн боомт дээр олгодог визтэй иргэдийг хил нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.
Уг шийдвэр Катар улсын иргэд болон тус улсын оршин суух зөвшөөрөлтэй иргэд, ажиллах зөвшөөрөл бүхий визтэй иргэд, хүмүүнлэгийн чиглэлээр олгосон виз (албан ёсны шугамаар зөвшөөрөл авсан) бүхий иргэдэд хамаарахгүй.
Дээрх хугацаанд Катарын Засгийн газраас тусгайлан гаргасан хаяа карт (hayya card) бүхий иргэд Катар улсын хилийн боомтоор чөлөөтэй нэвтрэх боломжтой юм.
Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр тасалбараа авсан иргэд https://hayya.qatar2022.qa/ цахим хуудсанд хандан нэвтрэх эрх үүсгэн, хаяа карт авах хүсэлтээ илгээнэ. Хаяа картыг хэрхэн мэдүүлж авах зааврыг https://www.youtube.com/watch?v=dLlgzZ_Acko холбоосоор орж үзэх боломжтой аж.
Хаяа картыг авснаар тухайн иргэн Катар улсад нэвтрэх, тасалбар дээрх тоглолт болох стадионд нэвтрэх, тоглолт болох өдөр нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой юм. Хаяа карттай иргэд 2023 оны 1 дүгээр сарын 23-ныг хүртэл Катар улсад байх боломжтой гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.