Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) 2021-2022 онд Улсын төсөв, Эрүүл мэндийн яам, өөрийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн тоног төхөөрөмжөө сайжруулж, барилгын их болон урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэжээ. Тус байгууллага хийсэн бүтээн байгуулалтаа өнөөдөр холбогдох албаны хүмүүст танилцууллаа.
Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Хонгорзул, ХӨСҮТ Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Дэд захирал Ц.Чинбаяр, Дэд захирал Ж.Байгалмаа, Дэд захирал Д.Баярсайхан нар болон ХӨСҮТ-ийн тасаг нэгжийн эрхлэгчид оролцлоо.
“ХӨСҮТ-д 13 томоохон их засварын ажлыг 2022 онд хийлээ. Үүнд:
- Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр хийсэн их засвар – 4
- ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хийсэн их засвар – 5
- Өөрийн хөрөнгөөр хийсэн их засвар – 4
Засгийн газрын нөөц сангаас 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 4 багц ажил хийгдлээ.
- Өмнө нэг л лифт ажиллаж байсан бол шинээр 5 лифтийг ашиглалтад оруулсан.
- Компьютер аппарат
- Суурин дижитал рентген аппарат
- Цахим мэдээллийн системийн хөгжүүлэлт, тоног төхөөрөмжтэй болсон.
ЭМЯ-ны 2,4 тэрбум төгрөгхөрөнгө оруулалтаар нийтдээ 7 ажлыг хийж гүйцэтгэсэн. Хүүхдийн уушгины тасаг, Уушгины 2 дугаар тасаг, Насанд хүрэгчдийн цочмог гепатитын 5 дугаар зэрэг нийт 3 тасагт иж бүрэн засвар хийгдсэн. Мөн 998,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар вакум мэс заслын системтэй 2 өрөөтэй болж байна. Улсын комисс ажиллаад хүлээн авсан. Түүнчлэн автомашины парк шинэчлэл хийгдсэн бөгөөд туулах чадвар өндөртэй алсын зайны дуудлага, дэмжлэг хяналтаар явах боломжтой авто машинтай болжээ.
2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлээр санхүүжсэнээр 2022 онд ХӨСҮТ-ийн өөрийн санхүүжилт болох 700 сая төгрөгөөр ДОХ, БЗДХ-ын амбулаторийн тасаг, Эмзүйн алба, Ариутгал халваргүйтгэлийн тасгийн их засвар болон ХАЯТТ-ийн дээвэр, Барокамерын өрөөний засвар ажлууд хийгдэж байна. Ажил 55 хувьтай үргэлжилж байна.
Цар тахлын үед улаан бүсэд ажиллаж байсныг Засгийн газар, ЭМЯ онцгой анхааран ажиллахаас гадна Олон улсын байгууллагууд хандив тусламжууд өгсөн бөгөөд нийт 7 төрлийн тусламж авсан. Үүнд:
- Глобаль сан- ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, АВТОМАШИН,
- ДЭМБ-NGS,
- Япон улсын ЗГ-аас МУ-ын ЗГ-т “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөр”, Уушгины дуран, Уушгины дурангийн мэс заслын багаж, C-arm тог баригч,
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан Загалмай нийгэмлэг, СӨРӨГ ДАРАЛТАТ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН,
- Голомт сан – ӨВЧТӨНИЙ ФУНКЦИОНАЛЬ ОР хандив, тусламжаар авсан.
Энэ бүх хөрөнгө оруулалт хийгдсэний ачаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжрах, ажилчид тухтай орчинд ажиллах нөхцөл бүрдэж байна.” гэдгийг ХӨСҮТ-ийн удирдлага онцлов.
“Сүүлийн 2 жилийн хугацаанд бид бүхэн Ковид-19 халдварын цар тахалтай зэрэгцэн салбарын шүүмжлэлтэй байсан зарим асуудлуудыг шийдэж ажиллаж байна. 2021 онд нийт 5.5 тэрбум төгрөгийг ХӨСҮТ-ийн барилгын засварт зарцуулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд нийт 24 цогц ажлыг төлөвлөөд нэмэлтээр төвөөс өөрсдийн санхүүжилтээр тодорхой ажлуудыг хийж, 2021 онд 27 объектын засварын ажлыг гүйцэтгэж хүлээж авч байсан. 2022 онд нийт 2.4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн.
Өнөөдөр ЭМЯ-ны зүгээс 2022 онд хийж гүйцэтгэсэн их засварын үйл ажиллаагаатай газар дээр танилцаж байна. Эмч, ажилтан болон үйлчлүүлэгч нарын ая тухайтай ажиллах, үйлчлүүлэх орчныг бүрдүүлэхийн тулд төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь амжилттай хийж гүйцэтгэсэн ХӨСҮТ-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.” Гэж ЭМЯ Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг онцоллоо.