Засгийн газарБоловсролОнцлох

24620 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургана

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Энэ ажлын хүрээнд ачаалал өндөртэй байршилд хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургахаар урьдчилан тохиролцож, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээг бууруулан хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлын хамт санхүүжүүлэхээр гэрээ хийж эхэлжээ. Мөн цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх болон худалдан авах байршлуудыг судалж, шаардлага хангасан байруудын засвар, тохижилтын ажлыг эхлүүлээд байна.

Тодруулбал, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 83 байранд 8750, цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан орон сууцны хороолол, хотхоны доод давхрын 14 байранд 1175, цэцэрлэгийн зориулалтаар баригдсан болон засварлаж, тохижуулсан бие даасан 7 байранд 1165 хүүхдийг тустус хамруулахаар холбогдох тушаал шийдвэрийг үе шаттай баталгаажуулаад байна.

Түүнчлэн орчин үеийн дэвшилтэт технологийн гэр цэцэрлэгийн зураг төслийг боловсруулж, ачаалал ихтэй 13 байршилд тус бүр 100 хүүхдийн хүчин чадалтай гэр цэцэрлэгийг богино хугацаанд байгуулж, 1200 хүүхдийг хамруулахаар салбарын яамнаас тооцжээ. Хүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхэд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 50 гаруй иргэнээс хүсэлт ирээд байна.

Энэ оны наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 24620 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлээд байгааг Л.Энх-Амгалан сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд батлагдсан хөрөнгийн эх үүсвэрийг үр дүнтэй зарцуулж, ажлын үр дүнг 2022 оны есдүгээр сарын 5-ны өдрийн дотор багтаан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, энэ чиглэлд хийгдэх үйл ажиллагаа гэрчимжүүлж, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт тус тус даалгалаа.

80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээний ажлыг эрчимжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд ашиглалтад оруулахыг даалгалаа

Боловсрол, шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа зарим төсөл, арга хэмжээнд үүссэн нөхцөл байдлын талаар салбарын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч дотоодын зах зээлд барилгын материал, түүхий эдийн үнэ болон ажиллах хүчний зардлын өсөлт зэргээс үүдэж төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа зарим хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгжилтийн явц удаашралтай байна.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022 оны төсвийн жилд нийт 1,465.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тухайн жилд санхүүжих дүн 356.9. тэрбум төгрөг бүхий 430 төсөл, арга хэмжээ хэрэгжиж буй юм. Салбарын хэмжээнд энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар 80 хувиас дээш гүйцэтгэлтэй нийт 305.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2022 онд олгох санхүүжилт нь 62.6 тэрбум төгрөг бүхий 86 төсөл, арга хэмжээ байна.

Барилга угсралтын ажлын явц нь 80 хувиас дээш гүйцэтгэлтэй бөгөөд 2022 оны есдүгээр сард ашиглалтад орох боломжтой 47 төсөл, арга хэмжээнээс 19 нь Улаанбаатар хотод байршилтай байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 1690 хүүхдийн хүчин чадалтай 8 цэцэрлэг, 520 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 2, 3840 хүүхдийн хүчин чадалтай 6 сургууль, спорт заал, их, дээд сургуулийн хичээлийн байр, дотуур байр тус бүр 1 ашиглалтад орохоор байгаа аж.

Үүнтэй холбогдуулан боловсрол, шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа 80 хувиас дээш гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээний ажлыг эрчимжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд бүрэн ашиглалтад оруулах талаар хууль тогтоомжийн хүрээнд зохих арга хэмжээг авч, дүнг танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Товчхон

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн өнөөгийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээрисонгон шалгаруулалтаар олгох талаар Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндон Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг даалгалаа.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхтэй холбоотой судалгааг Барилга хот байгуулалтын яамнаас хийж, Засгийн газрын хуралдаанд өнгөрсөн гуравдугаар сард танилцуулсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол албажиж, эцэслэн батлагдлаа. Ирэх баасан гарагт Хөшигийн хөндийнинисэх буудлыг тойрсон инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлнэ. Үүнд зориулж энэ жилийн төсөвт 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Засгийн газрын хуралдаан

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close