30 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Прокурорын байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 21 хорих анги, 1 сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, 28 цагдан хорих байр, 27 баривчлах байр, 22 саатуулах байрны үйл ажиллагаа, мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
2022 оны эхний хагас жилийн байдлаар хорих ял эдэлж байгаа 3600 гаруй, цагдан хоригдсон 3000 орчим, Зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн 10.347, албадан саатуулагдсан 2844, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 14.401 хүн, хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж, зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарч ажиллалаа.
Хорих ял эдэлж байгаа 3680 иргэний 64,7 хувь нь нээлттэй дэглэмд, 34,5 хувь нь хаалттай дэглэмд, 0,8 хувь нь сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байна. Үүнээс 218 нь эмэгтэй, 32 нь гадаадын иргэн байна.
Прокурор энэ оны хагас жилд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын явцад хорих ял, цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхтэй 3145 удаа танилцаж, 541 удаагийн шалгалт, судалгааг хийсэн байна.
Хяналтын ажлын явцад хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 1107 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар холбогдох байгууллагуудад 111 прокурорын шаардлага бичиж, хуульд заасан үүргээ биелүүлээгүй 23 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцуулжээ.
Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй 45, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй 91, зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн 244 иргэний ялыг хорих ялаар солиулж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх арга хэмжээ авсан нь өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өссөн байна.
Баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад эрх нь зөрчигдсөн 30 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авсан байна. Тухайлбал, цагдан хорих хугацаа нь хэтэрсэн, албадан саатуулагдсан хоногийг баривчлах шийтгэлд нь оруулан тооцоогүй зэрэг зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэжээ.
Мөн Олон улсын гэрээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсад хорих ял эдэлж байсан Монгол Улсын 3 иргэнийг шилжүүлэн авах, хорих ялыг Монгол Улсын хууль тогтоомжид дүйцүүлэн шийдвэрлүүлэхээр дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.