МАА-н үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд тавих зохистой дадлыг нэвтрүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага “ОУХБ”-тай хамтран “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд “Бэлчээрийн тогтвортой менежмент болон бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд тавих зохистой дадал” сургалтын модульт хөтөлбөрийг боловсруулан гаргах, сургалт явуулахаар ажиллаж байна.
Энэ удаад МБАНХ-оос 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирлуудад “Бэлчээрийн тогтвортой менежмент болон бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд тавих зохистой дадал” сургалтыг цахимаар зохион байгуулж байна.
“MNS 6891:2020. Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлага” стандартыг нэвтрүүлэх зохистой дадлыг бий болгоход чиглэсэн уг сургалтыг нээж МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэлэхдээ “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Насан туршийн боловсролын үндэсний төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага гэсэн төр нийгмийн хамтарсан түншлэл хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд цахимаар болон танхимийн сургалт зохион байгуулах юм. Танхимын сургалтыг Завхан, Төв аймагт зохион байгуулах бол цахим сургалтыг аймгуудын АБАХ-ны тэргүүнүүдэд зориулан чиглүүлэгч буюу сургагч багшаар бэлтгэх зорилгоор явуулах юм. Өнгөрсөн хугацаанд бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр сургалт мэдээлэл өгөхөөс гадна малчдын эдийн засгийн асуудал руу нилээн анхаарсан. Тэгвэл орхигдоод байсан малчдын хөдөлмөр нийгмийн асуудал руу анхаарч ажиллах ба цаашдаа дээрх байгууллагуудтай хамтын ажиллагаа нэмэгдэнэ. Чиглүүлэгч сургагч багш бэлтгэх сургалт маань энэ удаад зохистой дадал нэвтрүүлэх чиглэлд анхаарал хандуулж байгаа бол цаашдаа малчдын хөдөлмөр нийгмийн асуудалд чиглэх болно” гэлээ.
Сургалтаар ХААИС-ийн багш, Доктор Ш.Гэрлээ “Малын тоо толгойн албан татварын талаар”, МБАНХ-ны мэргэжилтэн “Малын бэлчээрт нэвтрүүлэх зохистой дадал”, МБАНХ-ны зөвлөх Б.Мэнджаргал “Малын арчилгаа, маллагаанд нэвтрүүлэх зохистой дадал”, Малын эрүүл мэндийн зөвлөх С.Дивангар “Малын эрүүл мэндийн чиглэлээр нэвтрүүлэх зохистой дадал”, МБАНХ-ны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Малын үржүүлэгт чиглэлээр нэвтрүүлэх зохистой дадал”, МБАНХ-ны мэргэжилтэн А.Өнөрзул “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэлд тавих зохистой дадал” сэдвээр мэдээлэл өглөө.
Дашрамд дуулгахад, Монголын бэлчээр ашиглагчдаын нэгдсэн холбоо нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд “Бэлчээрийн тогтвортой менежмент болон бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд тавих зохистой дадал” сургалтын модульт хөтөлбөрийг боловсруулан гаргах, сургалт явуулахаар ажиллаж байна. Хөтөлбөрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Насан туршийн боловсролын үндэсний төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Монголын бэлчээ ашиглагчдын нэгдсэн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага гэсэн төр нийгмийн хамтарсан түншлэл хэрэгжүүлэх юм. Уг сургалтын хөтөлбөрийн дагуу 2022 оны 05 дугаар сараас 06 дугаар сарыг дуустал аймаг, сумын бэлчээр ашиглагчдын холбоодын удирдлага, малчдын хэсэг бүлгийн ахлагчдыг чадавхжуулах, чиглүүлэгч нарыг бэлтгэх сургалтыг онлайнаар болон цахимаар зохион байгуулах аж.
П.Нарандэлгэр