“Чөлөөт бүсийн тогтвортой, үр ашигтай үйл ажиллагааг дэмжих” төслийг эхлүүллээ
Эдийн засаг, хөгжлийн яам, БНСУ-ын Эксим банкны хөтөлбөр болон Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Чөлөөт бүсийн тогтвортой, үр ашигтай үйл ажиллагааг дэмжих” төслийн нээлтийн үйл ажиллагааг /2022.05.30/ зохион байгууллаа.
Монгол Улсад Чөлөөт бүсийг байгуулах, түүнийг хөгжүүлэх үзэл баримтлал батлагдан хэрэгжиж даруй 20 гаруй жилийг өнгөрүүлж, хууль эрх зүйн орчин бүрдсэн ч чөлөөт бүсийн хөгжил удаашралтай, тодорхой ахиц гарахгүй байгаа нь асуудлыг шийдвэрлэх арга замыг боловсруулж, шалтгааныг тодруулах бодит шаардлагыг бий болгож байна. Иймээс судалгаа, шинжилгээнд тулгуурлан чөлөөт бүсийн онол арга зүйг судалж, олон улсын шилдэг туршлагыг Монгол Улсын чөлөөт бүсүүдийн өнөөгийн байдалтай харьцуулан шинжлэх байдлаар нөлөөлж буй хүчин зүйлс, тулгарч буй бэрхшээлүүдийг илрүүлэн, цаашид чөлөөт бүсийг амжилттай хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох шаардлагатай байна.
Үүний хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Инчеоны Үндэсний их сургуулийн судлаачид, “SAMOOCM” консорциум чөлөөт бүсэд хөрөнгө оруулалтыг татах шинэлэг хэлбэрүүд, хууль эрх зүйн орчныг сайжруулахад бодлогын зөвлөгөө өгөх, чадавх бэхжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцов.
ЭЗХЯ-аас чөлөөт бүсийн хөгжлийн чиглэл боловсруулж буй энэ үед тус төслийг хэрэгжүүлж байгаад өндөр ач холбогдол өгч хамтран ажиллаж, үр дүнтэй судалгааг эхлүүлснээр чөлөөт бүсэд хөрөнгө оруулалтыг татах, хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж, чөлөөт бүсийг хөгжлийн шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад судалгаанд тулгуурлан хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой болно.