Эрүүл мэндFocus

Цахим эмнэлгийн хуудсаар үйлчлүүлдэг болно

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын А/38 тоот тушаалын хавсралтаар “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ыг шинэчлэн баталжээ. Тус журамд эмнэлгийн хуудас бичих, олгох, бүртгэх, хяналт тавих үйл ажиллагааг цаасан болон цахим хэлбэрээр зохион байгуулах тухай заасны дагуу “Эрдэнэт” сувиллын цогцолбор нь “Цахим эмнэлгийн хуудас”-ны программ ашиглах бэлтгэл ажил, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, энэ сарын 2-ноос үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Тус цогцолбор “Цахим эмнэлгийн хуудас”-ны программ нэвтрүүлснээр иргэн, даатгуулагч нь эрүүл мэндийн хуудасны бичилтээ богино хугацаанд хийх нөхцөл бүрджээ. Нэвтрүүлээд удаагүй байгаа тус программыг ашиглахад хувь хүний зүгээс анхаарах хэд хэдэн зүйл байгааг эмч нар анхааруулав. Тухайлбал, иргэн даатгуулагч нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах хугацаандаа эмнэлгийн хуудас авах эсэх талаар эмчлэгч эмчдээ зайлшгүй мэдэгдэх шаардлагатай.

Харин эмчилгээ дууссан тохиолдолд тухайн байгууллагын дарга, ерөнхий эмч болон захирал, эрхлэгч нар эмнэлгийн хуудасны үндэслэлийг шалгаж баталгаажуулах аж. Улмаар эмнэлгийн хуудас олгосон тухай цахим бүртгэлийг харьяалах нийгмийн даатгалын байгууллага сар бүр хүлээн авч, шийдвэрлэж байхаар журамд тусгажээ.

Энэ талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Статистикч эмч Ж.Эрдэнэчимэг: “Эмнэлгийн хуудсыг хөдөлмөрийн чадвар түр алдсаны тусламж үйлчилгээ авч дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор, гадаад оронд эмчлүүлсэн тохиолдолд эх орондоо ирснээс хойш 14 хоногийн дотор, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг иргэн даатгуулагчийн жирэмсний чөлөө эхэлсэн өдрөөс, амаржсан тохиолдолд амаржсан өдрөөс хойш 60 хоногийн дотор тус тус бичиж олгохоор журамд заасан. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төв нь иргэн даатгуулагчид цахим эмнэлгийн хуудас олгосон жагсаалтыг түүхчилсэн архив үүсгэн хадгалж, мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байна” гэв. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close