Засгийн газарОнцлохНийслэл

Нийслэл, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд нийслэл, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Өнөөдөр уг сургалтыг хоёр дахь удаагаа албан хаагчдад олгосон бөгөөд энэ удаад нийслэл, дүүргийн ИТХ-ын Хууль эрх зүй, хяналт үнэлгээний хэлтэс, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн албан хаагчид хамрагдлаа.

Сургалтыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээсэн бөгөөд тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дагаж өөрчлөгдсөн хуулиудын талаарх мэдээллийг өглөө. Тэр дундаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийг онцлов. Тэрбээр “…Та бүхэн иргэдэд үйлчлэхээс гадна төлөөллийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлдэг албан хаагчид. УИХ дээр өмч, газар болон бусад асуудалтай холбоотой олон хуулиудыг хэлэлцэхээр бэлтгэж байна. Нийслэлийн эрх зүйн орчныг цаг үетэй нийцүүлэн өөрчилсөн бол одоо эдийн засгийн орчныг өөрчилж, сайжруулахыг зорьж байгаа. Тиймээс эдгээр хуулийн төсөлд иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг та бүхнээр дамжуулан авах болно. Тиймээс ухаалаг төрийн үйлчилгээ, ёс зүйтэй төрийн албан хаагч, хуульд нийцсэн үйл ажиллагаагаар манлайлж ажиллан, нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжийн нийтлэг сонирхлыг хамгаалж, хангаж ажиллаарай” гэв.

Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын Ахлах референт П.Энхсайхан нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх талаар тус газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээллийг өглөө.

 

Сургалтаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050 болон урт, дунд, богино хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд хяналт шинжилгээ хийх аргачлалын талаарх мэдлэгийг албан хаагчдад олгов. Түүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, архив, албан хэрэг хөтлөлтийн шинэчлэгдсэн хууль дүрэм, журмыг хэрэглээний талаарх танилцуулгыг албан хаагчдад хийв. Мөн төрийн байгууллагын мэдээ, мэдээллийг олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэх, анхаарах зүйлс, цахимын багц хууль…зэрэг сэдвийн хүрээнд албан хаагчдад мэдлэг мэдээллийг олголоо. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close