Солонгосын нийгэмлэгт зочлов
Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны гишүүн, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Ганболд БНСУ-ын Хүн ам, эрүүл мэндийн сайн сайхны нийгэмлэгээр энэ сарын 14-нд зочилж, үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Тус нийгэмлэгтэй 10 гаруй жилийн өмнөөс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, сайн дурын ажилтнуудын туршлага солилцох аялал, хөтөлбөрийг зохион байгуулж байсан. Мөн БНСУ-ын Хүн ам төлөвлөлтийн холбооны дэмжлэг, КОЙКА-гийн санхүүжилтээр Өмнөговь аймагт Итгэл найдвар төвийг байгуулж тохижуулсан. Мөн “Өөдрөг амьдрал” ТББ-тай хамтран ХДХВ-ийн халдвартай гэр бүлд туслах зорилгоор зарим нэг шаардлагатай эм тариа, эмчилгээ сувилгаанд тусалсан зэрэг олон сайхан үйлсэд хамтран ажилласан түүхтэй юм.
Солонгосын нийгэмлэг нь мөн Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны гишүүн бөгөөд эх, хүүхдийн эрүүл мэнд, өрхийн эрүүл мэндийн үйлчилгээ, чанар хүртээмжийг сайжруулах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөв дадлыг хүн амд сурталчлахад тогтмол хувь нэмэр оруулсаар иржээ.
Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн хувьд 1994 онд байгуулагдсан цагаасаа эхлээд хүн амд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх замаар бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлд төр болон төрийн бус байгууллагуудтай тасралтгүй хамтран ажилласаар ирсэн билээ.
Эх сурвалж: www.mfwa.mn