ХАА-н салбарСурвалжлагаОнцлохОрон нутагФото сурвалжлага

Сүхбаатар суманд “Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бүсчилсэн уулзалт” эхэллээ

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Бэлчээрийн тогтвортой менежмент, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бүсчилсэн семинарууд зохиогдож байгаа юм.

Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өнөөдөр “Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бүсчилсэн уулзалт” болж байна. Уулзалт хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын Ахлах референт П.Энхсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Дэд сайд Г.Батсуурь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Д.Батмөнх, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, ХХААХҮЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын Ахлах мэргэжилтэн Г.Мөнхмаргад, ХХААХҮЯ-ны МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн Б.Төгс-Эрдэнэ, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн Зохицуулагч Л.Мэнд-Амар болон Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Нарантуяа, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Энхбат тэргүүтэй хоёр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, зарим сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газар, Татварын газрын төлөөлөл, малчид, тариаланч, фермерийн төлөөлөл оролцож байна.

Энэ үеэр Мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт хэрэгжилт, Төрөөс бэлчээрийн талаар баримталж буй бодлого, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, Бэлчээрийн менежментийн талаар хэрэгжүүлж байгаа ажил, шинэлэг шийдлүүд, Сүргийн эргэлтийг зөв зохион байгуулж, малын чанарыг сайжруулах тухай мэдээлэл өгч байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд Орон нутгийн бэлчээрийн менежментийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болон Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар аймаг тус бүр мэдээлэл, танилцуулга хийж харилцан санал солилцох юм.

Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын хувьд газар тариалангийн бүс нутаг гэгддэг. Тэр утгаараа малчид тариаланчдын хувьд газар тариалан эрхлэх, малчдын мал сүргээ бэлчээх газрыг тогтоох, харилцан эрх ашгийг нь хангах чиглэлд төрийн зохицуулалт шаардлагатай байдаг. Дархан Сэлэнгийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, уламжлалт мал аж ахуйг  үе шаттайгаар гаргаж, өөр аймаг сум руу нүүлгэх бодлогыг салбарын яамнаас баримталж байгаа юм. Ингэснээр хөрсний чанар, хангамж нэмэгдэж, малчид тариаланчдын дунд үүсдэг үл ойлголцол арилна гэж үзсэн. Тиймээс энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгээр “Бэлчээрийн тогтвортой менежмент, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах” чиглэлд хэрхэн хамтарч ажиллах, тариаланч, малчдын эрх ашгийг зөв зохистойгоор шийдвэрлэхэд ямар зохицуулалт хийж болох талаар санал солилцон ярилцах юм.

Дашрамд дуулгахад, Улсын хэмжээнд Малын тоо толгойн албан татвараар нийтдээ 15.3 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Энэ нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойшхи дүн мэдээ бөгөөд Малын тоо толгойн албан татвараар төвлөрч буй хөрөнгийг орон нутагт нь буюу  малчдад өөрсдөд нь зарцуулах хуулийн зохицуулалттай. Энэ үйл ажиллагааг аймаг, орон нутгийн ИТХ, Засаг дарга нар газар дээр нь хэрэгжүүлэх эрх, үүрэг хүлээж байгаа юм.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close