Өнө эртний холбоотой Унгар-Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий нэгэн сайхан бүтээл хэвлэгджээ. Энэхүү бүтээлийг Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Анна санаачлан унгар хэл дээр бичиж, хэвлүүлсэн байна.
Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннагийн хувьд анх 1990-ээд оны эхэн үед Монгол оронд аялал жуулчлалын шугамаар ирж, улмаар 1995-1999 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд суралцаж, Sc.D. Профессор, Академич. Ж.Болдбаатарын удирдлага дор Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан монголч эрдэмтэн юм.
Тэрээр 2005 онд Унгараас Монгол руу аялагчдад зориулсан “MONGÓLIA” номыг анх хэвлүүлсэн бөгөөд энэ удаад номынхоо агуулгыг улам баяжуулан, илүү дэлгэрэнгүй мэдэээлэлтэйгээр хоёр дахь удаагаа хэвлүүлсэн байна. Энэхүү номыг Унгарын “Két Hollós Kiadó” хэвлэлийн компанийн захирал Sárosi Zoltán тун найрсгаар дэмжиж, ивээн тэтгэн хэвлүүлсэнд зохиогчийн зүгээс маш талархалтай байгаагаа хэлж байна.
Энэ сарын эхэнд хэвлэлтээс гарсан 250 хуудас бүхий “MONGÓLIA” номонд Монголын хууль цааз, уламжлалт зан заншил, шашин соёл зэрэг өргөн хүрээний мэдээллийг 21 аймаг тус бүрээр нарийвчлан авч үзэхийн зэрэгцээ зохиогч өөрийнхөө буулгасан фото зургуудаар баяжуулсан нь онцлог аж.
Түүнчлэн үндэсний хоол, унгарын жуулчид Монголд ирээд өдөр тутам хэрэглэх үгс зэрэг маш сонирхолтой мэдээллийг багтаасан нь аялагч, жуулчдын мэдээллийн эрэлтийг хангасан, цогц бүтээл болж чаджээ. Энэхүү ном нь Унгар, Монгол хоёр орны аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам илүү дэлгэрэн хөгжихөд маш том үүрэг гүйцэтгэх нь тодорхой бизээ.