НҮБ 2026 оныг Бэлчээр ба нүүдлийн МАА эрхлэгчдийн Олон улсын жил болголоо
Монгол Улсын санаачилсан “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэх тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы хуралдаанаар санал нэгтэй баталлаа. Тодруулбал, 2022 оны 3 сарын 15-нд АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн Олон улсын жил (БНМОЖ) болгох шийдвэрээ зарлалаа. Энэхүү шийдвэр нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд эгнээндээ 300 гаруй нүүдэлчдийн байгууллага, дэмжигчдийг, тухайлбал Олон Улсын Мал Аж Ахуйн судалгааны хүрээлэн (ILRI) , НҮБ-ын хэд хэдэн төрөлжсөн байгууллагыг нэгтгэсэн Олон улсын бэлчээрийн ба нүүдэлчдийн хөдөлгөөний оргил үр дүн болж байна. Эдгээр хүчин чармайлтанд тулгуурлан Монгол Улсын Засгийн Газар, дэмжлэг үзүүлсэн 68 улс орон НҮБ ЕА-д тогтоолын төслийг боловсруулан өргөн барьсан юм.
НҮБЕА-аас Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн Олон Улсын жилийн талаархи тогтоол нь биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, нийгэм-эдийн засгийн бүлэг асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэйг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийллээ. Тогтоолын төсөлд зааснаар “нүүдлийн мал аж ахуй нь экосистем, соёл, ялгаат байдал болон байгальтай зэрэгцэн орших уламжлалт мэдлэг, түүхэн туршлага бүхий динамик, шинэчлэн өөрчлөгч амьдралын хэв маяг мөн” хэмээжээ. Түүнчлэн “эрүүл, бүтээмжит бэлчээр нь малчдын эдийн засгийн өсөлт, амьжиргааны тогтвортой эх үүсвэр нь тогтвортой хөгжилд амин чухал” болохыг хүлээн зөвшөөрчээ. Тогтоолд НҮБ ХХААБ-ыг 2026 онд БНМОЖ -ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажиллахыг хүссэн байна.
Бэлчээрийн эдэлбэр газар нь дэлхийн гадаргуугийн хагасаас илүү хувийг (одоогийн байдлаар эрдэмтдийн тогтоосноор 54%) эзлэх бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том, хамгийн их аюулд өртөмтгий , хамгийн бага хамгаалагдсан экосистем болж байна. Дэлхий даяар бэлчээр нь олон зуун сая малчдын амьжиргааны эх үүсвэр, хүнс тэжээлийн баталгаа нь болж ирсэн. Нөгөө талаар хүнс тэжээлээр зөвхөн өөрсдийгөө төдийгүй олон сая иргэдийг хангаж ирсэн. Нүүдэлчин малчид хүн суурьшаагүй зэлүүд нутаг, богино настай тачир сийрэг ургамлыг мал сүрэгтээ идүүлэх замаар дотоодын болон экспортын зах зээлд хямд, эрүүл, өндөр уурагт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хүргэдэг.
Дэлхий даяраа урьдчилан таамаглахад бэрх, хувьсан өөрчлөгдөж буй уур амьсгалтай тулж, 700 гаруй сая буюу дэлхийн хүн амын аравны нэг нь хүнс тэжээлийн дутагдал, өлсгөлөнд нэрвэгдэж, сая гаруй төрөл зүйл ургамал амьтан хомсдолд орж байгаа өнөө үед бэлчээр болон малчдын тогтвортой удирдлага маш хэрэгтэй цагаа олсон шийдэл болж байна. Нөгөө талаар сүүлийн нэг зуун жилд нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид маш олон шударга бус үйлдэлтэй нүүр тулах болсон.
Тухайлбал, уламжлалт бэлчээрийн эдэлбэр газраасаа хөөгдөх, отор нүүдлийн замаа хаалгах зэргийг дурьдаж болно. Гэсэн хэдий ч энэ нийгмийн бүлэг өнөөдөр бид бүхэнд тулгамдаад байгаа тодорхойгүй нөхцөл байдлыг үл ажран өөрийн мэдлэг, чадвартаа тулгуурлан тогтвортой хөгжлийг эрэлхийлэн уламжлалаа даган амьдарсаар байгаа билээ. Бэлчээрийн эдэлбэр газрын удирдлага болохын үүднээс малчид биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалах, өсгөн арвижуулах, нүүрс төрөгч шингээх, усан хагалбарыг хамгаалах зэрэг экосистемийн үйлчилгээгээр хангахад амин чухал үүрг гүйцэтгэсээр байна.
Аж үйлдвэржсэн, хязгаарлагдмал хүрээнд хөгжсөн эрчимжсэн мал аж ахуйн нүүрстөрөгч ялгаруулах хэмжээ, усны асуудалд үзүүлэх хувь нэмэр их байхад сүүлийн үеийн судалгаагаар бэлчээрийн мал аж ахуйн экологийн ул мөр тэгтэй тэнцэхийг баталсан байна. Нүүдэлчин малчдын ашиглаж буй бэлчээрийн эдэлбэр газар дэлхий дээрхи хамгийн том нүүрстөрөгч шингээгч экосистем болж байна.
Бэлчээр ашиглалтыг тогтвортой арга хэлбэрээр хөтлөн явуулах нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чухал арга хэрэгсэл болно. Түүнчлэн мал аж ахуй бол хатуу түлшинд түшиглэсэн эрчим хүчний хэрэглээ багатай үйлдвэрлэлийн хэлбэр билээ. Газар ашиглалтын энэ хэлбэр байгалийн нөхөн сэргээгдэх нөөцөд тулгуурладаг төдийгүй байгалийн ургамлыг бүрэн ашиглах замаар ой, хээрийн түймээс ч урьдчилан сэргийлдэг давуу талтай. Иймээс бэлчээрийн мал аж ахуй нь экологийн цэвэр аж ахуйн хэлбэр бөгөөд хувьсамтгай өнөөгийн нөхцөлд үйлдвэрлэл ба тогтвортой байдлын хоорондын тэнцвэрийг хадгалах өндөр чадамжтай гэж дүгнэж байна.
Бэлчээр ба нүүдэлчдийн олон улсын жилийн зорилго нь эрүүл, бүтээмжит бэлчээр болон нүүдэлчин малчдын тогтвортой хөгжлийн талаархи олон нийтийн мэдлэг ухамсарыг дээшлүүлэх, дэлхий даяар тогтсон мэдлэгийн орхигдлыг бууруулахад оршино. Энэ үйл явц нь мал аж ахуйн салбарын чадавхийг дээшлүүлэх, энэ салбар дахь хариуцлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хүчин чармайлтаа чиглүүлнэ.
Хамгийн чухал зорилго нь уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, биологийн олон янз байдалд учирч буй заналхийллийг бууруулах, хүнсний тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг гүйцэлдүүлэх зэрэг олон улсын хэмжээнд төр захиргаа, улс төрийн хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлж бэлчээр болон малчдын байр суурийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд оршино.
Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил нь эдгээр хэлэлцүүлгийн хүрээнд бэлчээрийн эдэлбэр газар, нүүдэлийн мал аж ахуйн үнэ цэнийн талаархи малчид болон эрдэмтдийн дуу хоолойг өндөрт хүргэхэд дэмжлэг болох юм.
Өнөөдөр дэлхийн нийт газар нутгийн талаас илүү хувийг бэлчээр эзэлж, 200 гаруй сая хүн бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхэлж байна. Гэвч сүүлийн жилүүдэд бэлчээр, тал хээр нутаг нь уур амьсгалын өөрчлөлт болон хөрсний доройтолд өртөж, мал аж ахуй эрхлэгчид газар эзэмшил, газар ашиглалтад гарч буй өөрчлөлт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, зах зээлээс алслагдмал зэрэг бэрхшээлтэй тулгарсаар байна.
Тиймээс Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийг тэмдэглэх санаачилга гарган, НҮБ-ын гишүүн улсууд болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Олон улсын дэмжих бүлгийн дэмжлэгийг авсан. Улмаар энэ асуудал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол болж батлагдлаа. Манай улсын санаачилсан “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэх тухай” тогтоолд 61 улс орон хамтран зохиогчоор нэгдэв.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд чуулганы Бүгд хуралдаанд тогтоолын төсөл танилцуулж хэлсэн үгэндээ “Дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, экосистемийн үр ашгийг хүртэхэд бэлчээрийн оруулах хувь нэмрийг дэлхий нийтэд сурталчлах, бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийн ач холбогдол оршино гэв.
Манай улсын хувьд “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн баримт бичгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг бууруулахад олон улсын жилийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаа чухал хувь нэмэр оруулахыг тэрээр тэмдэглэв.
Эх сурвалж: Шинжлэх ухааны доктор Х.Ыханбай