Гадаад харилцааБоловсролОнцлох

Японы ТББ-уудтай хамтран хэрэгжүүлдэг буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав

Монгол Улсад суугаа Японы Элчин сайдын өргөөнд 2021 оны санхүүгийн жилд Японы ТББ-тай хамтран хэрэгжүүлэх “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар /2022.03.15/ гарын үсэг зурлаа.

Уг төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих ба энэ жил 2 дахь жил нь юм. Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулахын тулд дунд ангийн багш нарыг сургаж бэлтгэх, орон нутагт түгээн дэлгэрүүлэх, бодлогын зөвлөмжид тусгах үйл ажиллагааг Японы Хүүхдийг Ивээх Сан үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.

Гарын үсэг зурах ёслолын дараа Элчин сайд Х.Кобаяши, Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон уг ёслолд оролцсон боловсролын байгууллагын төлөөлөгчидтэй (БШУ-ын яамны ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа, Нийслэлийн ерөнхий боловсролын 79-р сургуулийн захирал З.Тунгалаг, Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургуулийн захирал Ч.Алтансүх, Нийслэлийн ерөнхий боловсролын 37-р сургуулийн захирал Ч.Дугармаа) боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцав.

Элчин сайд Х.Кобаяши хэлэхдээ “Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь менежер, суурин төлөөлөгч Ноён Баян-Алтай, нийслэлийн 37-р сургуулийн захирал Хатагтай Тунгалаг, 67-р сургуулийн захирал Ноён Алтансүх, 79-р сургуулийн захирал Хатагтай Дугармаа болон энд хүрэлцэн ирсэн зочид та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ой тохиож байгаа энэ жил боловсролын халуун цэгт хүчин зүтгэж байгаа захирал та бүхнийг урьж, Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг буцалтгүй тусламжийн төслийн гэрээнд Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь менежер, суурийн төлөөлөгч Баян-Алтайн хамтаар гарын үсэг зурсандаа баяртай байна.

Өнгөрсөн жил, Япон Улсын Засгийн газар Японы хүүхдийг ивээх сангийн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхээр сонгосон. Уг төсөл нь  эхний жилдээ амжилттай хэрэгжсэн учраас төслийн хоёр дахь жил болох энэ жил Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг болон Өвөрхангай, Ховд зэрэг аймгын сургуулиудад хэрэгжих тэгш хамруулан сургах үйл ажиллагаанд зориулан 76 сая иений санхүүжилтийг олгож байна.

Монгол Улсын боловсролын салбарын хувьд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа эрэгтэй сурагчдын тоо цөөн, үндэстний цөөнхөд хамаарагдах хүүхдүүд монгол хэлтэй сургууль сурахад бэрхшээлтэй тулгардгаас сургууль завсардах, сурлагын хоцрогдол үүсэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчин бүрдээгүй зэрэг асуудлууд ажиглагддаг. Эдгээр асуудал нь анги дэвших тусам шийдвэрлэхэд  хүндрэлтэй болох хандлагатай байдаг. Зөв цагт нь зөв арга хэмжээг авах нь чухал юм. Уг төсөл нь эдгээр асуудлуудыг шийдэхэд чиглэгдэж, хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулахад хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.

Өнгөрсөн сарын 14-ний өдөр, Монгол Улсын Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, танхимын сургалтыг хэвийн явуулж эхэлсэн. Энэ нь Монгол Улсын ирээдүйг авч явах хүний нөөцийг бэлтгэх гэдэг талаасаа маш үр өгөөжтэй, томоохон шийдвэр байсан. Монголын хүүхэд багачууд илүү сайн боловсрол эзэмшээсэй хэмээн хүсэж байна. Энэ завшааныг тохиолдуулан өнгөрсөн 2 жилийн хугацаанд үүссэн хичээлийн хоцрогдлыг арилгахаар хүч чадлаа дайчлан буй Боловсрол, шинжлэх ухааны яамныхан болон сургуулийн холбогдох хүмүүст гүн хүндэтгэлээ илэрхийлье. Төгсгөлд нь энэ төсөлд гар бие оролцож байгаа бүх хүмүүст талархлаа илэрхийлэхийн сацуу энд хүрэлцэн ирсэн та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Эх сурвалж: Японы элчин сайдын яам

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close