Гадаад харилцааWorldОнцлох

Б.Болд: Монгол эмэгтэй сургуулиуд руу утасдсан асуудлыг судалж байна

-Украин дахь монгол иргэдийн нөхцөл байдлын талаар ГХЯ-наас Монголын бүсээр 15.00 цагт өдөр бүр мэдээлэл өгч байхаар боллоо-

Засгийн газрын энэ сарын 24-ний ээлжит бус хуралдаанаар, Украин дахь монгол оюутнуудаа эх оронд нь татан авах ажилд зориулж 500 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн болон цаг үеийн бусад асуудлаар ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд өнөөдөр мэдээлэв. 

Тэрбээр хэлэхдээ “Засгийн газрын энэ сарын 24-ний ээлжит бус хуралдаанаар, Украин дахь монгол оюутнуудаа эх оронд нь татан авах ажилд зориулж 500 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн. Украины Харьков хотод Монголын 18 оюутан, дөрвөн байнгын оршин суугч байна. Харьковт байгаа оюутнууд дайн эхэлснээс хойш хоргодох байранд байсан. Өнөөдөр авсан мэдээгээр, зарим оюутнууд хоргодох байрнаас гарч, оюутны дотуур байр болон бусад байр руу явсан. Тус хотод нөхцөл байдал хэвийн болж байна. Киев хотод 12 оюутан, гурван байнгын оршин суугч байгаа. Киевт байгаа иргэд оюутны байрандаа байгаа. Кировоград хотод хоёр оюутан байгаа, тэд гэр гэртээ байгаа гэсэн мэдээлэл ирсэн.

Харин Берегове хотод суралцдаг нэг оюутан Украинд түр зорчиж байсан гурван монгол иргэний хамт өнөөдөр 13.00 цагийн орчимд Польш улсын хил нэвтэрсэн. Энэ иргэнийг Польш улсын Варшав хотод очиход нь Монгол Улсын ЭСЯ-наас тосож, байранд оруулж, Монгол руу буцах ажлыг зохион байгуулна. Энэ сарын 26, 27-нд 21 оюутныг Харьков-Истанбул чиглэлийн нислэгээр татан авахаар суудал захиалсан ч тухайн нислэг цуцлагдсан. Тиймээс дараагийн хувилбар буюу иргэдээ газраар татан авах хувилбар руу шилжиж байгаа. Харьковд байгаа иргэдээ ойр гэдэг утгаар нь ОХУ руу татаж авах боломж байгаа эсэхийг судална. Киев болон бусад хотод байгаа оюутнуудаа Польш, Унгар, Чех гэсэн орноор татан авах боломжийг судалж байна.  

Польш улсын хувьд дайнаас дайжиж буй иргэдийг өөрийн улс руу виз болон бусад шаардлага тавихгүй 15 хоног нэвтрэхийг зөвшөөрч байгаагаа зарласан. Энэ хүрээнд Польш улсаар хил нэвтрэх иргэдийн жагсаалтыг тус улсад хүргүүлсэн. Одоогоор, Киев, Харьков болон бусад хотод хөдөлгөөн хорьсон нь иргэдээ татан авах ажилд саад болж байна. Бусад улс орнууд ч ижилхэн нөхцөл байдалтай байгаа. Нөхцөл байдал намжих хүртэл хэд хоногтоо өөр тийш зорчихгүй, байгаа газартаа байхыг оюутнууддаа зөвлөж байгаа.

ГХЯ-наас өнөөдөр өглөө Украин дахь иргэдийн ар гэрийнхэнтэй уулзсан бөгөөд шаардлагатай мэдээллийг өгч, санал хүсэлтийг нь авчээ. Ар гэрийнхэн нь аль болох татан авах ажлыг шуурхайлах, ялангуяа Харьковт хоол хүнсний хомсдол үүсэж болзошгүй тул тэнд байгаа иргэдэд туслахад анхаарал хандуулахыг хүсжээ. ГХЯ-наас Украинд суугаа Өргөмжит консул болон тэнд байгаа бусад иргэдээрээ дамжуулан хүнсний дэмжлэг олгох боломжийг судална” гэлээ. Төгсгөлд нь ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-Украинд байгаа оюутнууд эх орондоо ирэх хүсэлтээ эрт гаргасан гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байгаа. Яагаад цагийг нь тулгаж шийдвэрлэж байна вэ?

-Сар орчмын өмнө оюутнуудын бүх мэдээллийг цуглуулж эхэлсэн. Ингээд холбогдох албаныхан оюутнуудтай холбоо тогтоож байсан. Мөн 10-аад хоногийн өмнө оюутнуудтай цахим хурал хийж, нөхцөл байдал хэвийн байгаа үед эх орондоо ирэх хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн. Энэ үеэр оюутнууд “Үнэхээр дайн болох уу, тодорхой мэдээлэл байгаа юу” гэж асууж байсан. Тухайн үед бид дайн болох эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй гэсэн хариулт өгч байсан юм.

-Украинд сурч байгаа оюутнуудыг нутаг буцах бол Засгийн газраасаа албан ёсны бичиг авч ир гэсэн шаардлагыг сургуулиуд нь тавьж байсан тухай мэдээлэл бий. Энэ талаар?

-Бид оюутнуудтайгаа холбогдоод зөвлөмж өгөөд явж байсан. Ингээд нийт 68 оюутан сурдгаас 41 нь ирчихсэн байгаа. Тэгээд үлдсэн оюутнуудтай энэ сарын 22-нд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин цахим хурал хийж, эх орондоо ирэх хэрэгтэй, Засгийн газар зардлыг нь хариуцахад бэлэн байна гэж хэлсэн. Украинд үлдсэн оюутнуудын дийлэнх нь төгсөх дамжааны, бусад нь хэлний бэлтгэлд суралцаж байгаа юм билээ. Эдгээр оюутан “Хэрэв хичээлийн дундуур орхиод нутаг буцвал хэлний бэлтгэлийн оюутныг нэгдүгээр дамжаанд оруулахгүй, төгсөх дамжааны оюутанд дипломыг нь олгохгүй гэсэн шаардлага тавьж байна. Үүнд туслана уу” гэж хүссэн. Гэтэл үүнээс 24 цагийн дараа нь гэнэт дайн эхлээд, энэ асуудал түр хугацаагаар зогссон юм.

Бидний хамгийн сүүлд авсан мэдээллээр бол, тэнд байнга оршин суудаг нэг монгол эмэгтэй сургуулиуд руу нь утасдаад, “Наад оюутнууд чинь нутаг буцах гээд байх шиг байна. Ер нь бол буцаахгүй байх хэрэгтэй. Хэрэв буцна гээд байвал заавал Засгийн газраас бичиг ав гэсэн шаардлага тавь” гэж хэлсэн байна. Тэгээд тэр эмэгтэй ямар зорилгоор сургуультай нь холбогдсоныг бид мэдэхгүй байна. Нарийн мэдээллийг бид судалж байгаа. Энэ эмэгтэйн үйлдлээс болж хүндрэл үүссэн асуудал бий.

-Оюутнуудыг Польш улсаас өөр орны газар нутгаар татаж авах боломж бий юу?

-ОХУ-аар дамжуулан татаж авах хувилбар бий. Энэ талаар Украины талтай ярилцсан бөгөөд одоогоор тус улсын хил хаалттай байна. Хэрэв ОХУ-аар татаж авах бол Москва дахь ЭСЯ-наас хил дээр очиж, оюутнуудаа татан авах ажлыг зохион байгуулна.

-Оюутнуудад санхүүгийн дэмжлэг өгөх үү?

-Украины агаарын хил хаалттай байгаа. Хэрэв агаарын хил нь нээгдвэл бид тусгай үүргийн нислэг үйлдээд оюутнуудаа авах боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ энэ нь агаарын хил нээгдэх эсэх, зөвшөөрөл өгөх эсэхээс хамаарна. Бид оюутнууддаа мөнгө шилжүүлэхээр төлөвлөж байгаа. Гэтэл Харьковт банк нь ажиллахгүй байх зэрэг асуудал бий. Тэгэхээр хэрхэн шилжүүлэхээ судалж байна. Мөн Украинд байнга оршин суудаг иргэдээр дамжуулан хүнсний асуудлыг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close