Засгийн газарГадаад харилцааОнцлох

Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэв

Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөр болон Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойд зориулсан хүлээн авалт өчигдөр боллоо. Япон Улсын Элчин сайдын яам зохион байгуулсан тус ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Монголын талын өндөр дээд албаныхан зэрэг зочид олноор оролцов.

Японы уламжлалт бөмбөрийн “UB Drums” хамтлагийн тоглолтоор уг хүлээн авалт эхэлж, Морин хуурын чуулга хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлсний дараа Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв. Мөн Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн дүрс бичлэгт илгээлтийг толилуулсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэв. 

Түүний дараа “Кагамибираки” буюу япон сакэ задлах ёслол үйлдэж, Монгол, Японы Парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн хундаганы үг хэлэв.

Элчин сайд Х.Кобаяши дэвшүүлсэн мэндчилгээндээ “Цог Жавхлант Эзэн Хааны 62 насны ойг тэмдэглэхийн хамт 2 дугаар сарын 24-ний өдөр Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо угтаж байгаатай холбогдуулан холбогдох хүмүүсийн өнөөг хүртэлх дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн Япон, Монголын харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө хоёр орны холбогдох хүмүүсийн хамт хүчин чармайлт гарган ажиллах болно” хэмээв.

“Кагамибираки” буюу япон сакэ задлах ёслол нь торхтой сакэны тагийг цохиж задлан аз жаргалыг дууддаг утга учиртай японы уламжлалт зан үйл юм.

Хүлээн авалтын танхимын орох хэсэгт Монголтой харилцаа бүхий Японы орон нутгийн засаг захиргаанаас ирүүлсэн Япон, Монголын харилцааны арга хэмжээний үеийн гэрэл зургаар үзэсгэлэнг гаргаж,  хүрэлцэн ирсэн зочдод өнөөг хүртэлх хоёр орны ард түмний харилцаа холбоог эргэн дурсах боломжийг олгосон байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close