Шинэ мэдээ

Хээрийн сургуулилтын үеэр аливаа эрсдлээс сэргийлэх үүрэг өгөв

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын 2021-2022 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу хээрийн гаралтын дадлага, сургуулийн бэлтгэл ажилтай танилцаж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах комиссын хуралдаан зохион байгуулагдав.

Тус хуралд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга хурандаа Б.Эрхэмбаяр, Зэвсэгт хүчний хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга хурандаа Ж.Өсөхбаяр, ЗХЖШ-ын сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга хурандаа Ш.Гантулга, Цэргийн албаны хэлтсийн дарга хурандаа Н.Лхагвасүрэн нарын албаны хүмүүс оролцлоо.

Тус хуралд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын 2021-2022 оны сургуулийн жилийн хээрийн дадлага сургуулийн хуваарь, үйл явцад тавигдах хяналт шалгалтын ажил болоод цэргийн албаны хэлтсээс хийж хэрэгжүүлэх ажлыг холбогдох албан тушаалтнууд танилцуулсан юм.

Хурлын төгсгөлд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар доорх үүрэг чиглэлийг өглөө. Тодруулбал, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын хээрийн дадлага сургуулийн бэлтгэл ажлыг урьдчилан шалган тусалж, дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын хээрийн дадлага сургуулийн явцад хяналт шалгалт хийх, түүнчлэн Зэвсэг галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодистой ажиллах үеийн аюулгүй байдлыг ханган ажиллахаас гадна цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин ажиллуулахыг анхааруулав.

Мөн “Ковид-19” цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж хээрийн дадлага, сургуулийн үед соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах, гарч болзошгүй аливаа эрсдэлийг тооцож ажиллах, хээрийн дадлага сургууль явагдаж буй байршилд цэргийн цагдаагийн бие бүрэлдэхүүнийг томилон ажиллуулах зэрэг чиглэсэн үүргийг өглөө.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close