ЯрилцлагаХууль эрх зүйОнцлох

Н.Тэмүүлэн: Манай улсын авлигын индекс буурсан үзүүлэлттэй байна

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил болгон боловсруулдаг улс орны төрийн албан дахь авлигын талаарх шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг дэлхий нийтэд зарласантай холбогдуулан тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулав.

-“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас дэлхийн улс орнуудын 2021 оны Авлигын төсөөллийн индексийг зарлалаа. Монгол Улсын тухайд 110 дугаар байрт орж нэг байр урагшилсан үзүүлэлт гарсан байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Индексийн дүнгээр Монгол Улс 2021 онд 35 оноо авч 180 улс орноос 110 дугаар байрт эрэмбэлэгдэж өмнөх жилийнхээс байр урагшилсан үзүүлэлт гарсан байна. 2021 оны авлигын төсөөллийн индексийг “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас нийт 8 эх сурвалжаар дүгнэн гаргасан байна. Энэхүү эх сурвалжийн нэг болох “Дэлхийн эдийн засгийн форум-Үзэл бодлын судалгаа”-гаар Монгол Улс 2020 оныхтой харьцуулахад 6 пунктээр өссөн байна. Энэ бол бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаа явуулах таатай нөхцөл бий болж байна, авлигын эрсдэл буурч байна гэж харж болно.

Дараагийн эх сурвалж болох “Дэлхийн эрх зүйн төсөл-Хууль дээдлэх ёсны индекс”-ээр Монгол Улс 2 пунктээр өссөн байна. “Транспэрэнси интернэшнл” төрийн бус байгууллагаас Монгол Улс нь авлигатай тэмцэх орчныг шинэчлэн байгуулахаар тодорхой онцлох эерэг арга хэмжээг авч байна гэж дүгнээд бүс нутгийн улс орнуудаас хамгийн анх Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн шүгэл үлээгчийг хамгаалах болон сэтгүүлчийн мөрдлөг хийх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг сайшаасан байна. Тэгэхээр авлига бий болгож буй хүчин зүйл дотор хуулиа сахин биелүүлдэггүй, хүний эрхийг дээдэлдэггүй хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг бөгөөд ер нь авлигагүй нийгэм бий болгоход хүний эрхийг дээдлэх, хууль ёсыг сахин биелүүлэх нь чухал нөлөөтэй гэж энэ эх сурвалжид үздэг.

Тэгвэл ямар эх сурвалжаар унасан үзүүлэлттэй байгаа вэ?

-“Ай Эм Ди”-Дэлхийн өрсөлдөх чадварын эмхэтгэл үзэл бодлын судалгаа”-гаар 3 пунктээр доошилсон. Энэ эх сурвалжийн хүрээнд дэлхийн дийлэнх улс орнуудын пункт унасан харагдаж байгаа. Учир нь “Ковид-19” цар тахлын хүрээнд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа зогссон, хил хаалттай гэх мэт хүчин зүйлийн улмаас эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвар буурсан байна гэж харж болно.

“Пи ар эс” групп-Эрсдэлийн үнэлгээ”-ний хувьд 4 пунктээр буурсан байна. Энэ төсөөллийн индекс бол улс орны авлигын төсөөллийг гаргаж байгаа энэ эх сурвалжид татвар төлөлтийн мэдээлэл үнэн эсэх, түүнд хяналт хэрхэн тавьж буй зэрэг шалтгаануудыг авч үздэг. Энэхүү эх сурвалжаар үнэлгээ буурсан байгаа нь маш олон хүчин зүйл индекст нөлөөлдөг гэдгийг харуулж байна. Харин Ардчиллын олон талт байдлын төсөл /V-Dem/, “Бертелсман” сангийн Шилжилтийн индекс, Эдийн засгийн мэдээллийн нэгжийн Улс орнуудын эрсдэлийн үнэлгээ, “Глобал инсайт” байгууллагын Улс орнуудын эрсдэлийн түвшний үнэлгээ өөрчлөгдөөгүй байна. Дэлхийн улс орнуудын авсан онооны дундаж 43 байгаа нь өмнөх онтой ижил байна.

Ер нь Авлигын төсөөллийн индексийг сайжруулахад хүн бүрийн оролцоо, авлигаас ангид байх, түүнийг үл тэвчих хүсэл эрмэлзэл, үйл ажиллагаа нэн чухал гэдгийг онцлон хэлмээр байна.

-Дэлхийн улс орнуудын авлигын эрсдэлийн талаар судалдаг өөр байгууллагууд байдаг уу?

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн авлигын нөхцөл байдлыг тодорхойлсон үндсэн хоёр үнэлгээний нэг нь дээр дурдсан “Транспэрэнси интернэшнл” байгууллагын Авлигын төсөөллийн индекс бол нөгөө нь Авлигын эрсдэлийн матриц үзүүлэлт судалгааг гаргадаг “Трасе интернэшнл” олон улсын байгууллага юм. “Трасе интернэшнл” олон улсын байгууллага нь бизнес эрхлэгчдэд зориулсан Авлигын эрсдэлийн матриц үзүүлэлтийг боловсруулж жил бүр нийтэд зарладаг бөгөөд уг байгууллагын мэргэжилтнүүд гадаад улсын бизнесийн авлига, төрийн байгууллагын хээл хахууль, засаглал болон авлигын нөхцөл байдлыг үнэлэх чиглэлийн судалгаа, эрдэм шинжилгээний томоохон ажлуудыг нягтлан судалдаг.

“Трасе интернэшнл” байгууллагын үзүүлэлт мөн 0-100 хүртэл байдаг боловч төсөөллийн индекс 0 оноо нь өндөр авлигатай,100 оноо нь цэвэр харин Авлигын эсрэг матрицын судалгаа нь 1 оноо авлигын эрсдэлгүй, 100 оноо авлигын өндөр эрсдэлийг илэрхийлдэг.    

Тэгвэл “Трасе интернэшнл” байгууллагаас Монгол Улсын Авлигын эрсдэлийн матриц үнэлгээнд 2021 онд 47 оноо өгч 89 дугаар байранд эрэмбэлсэн байгаа нь өмнөх оныхоос 7 байр урагшилсан байна. Манай улс 2019 онд 55 оноо авч 109 дүгээр байранд, 2020 онд 49 оноо авч 96 дугаар байранд эрэмбэлэгдэж байсан. Үүнээс харахад Монгол Улсын эзлэх байр жил бүр урагшилж дээр дурдсанчлан бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаа явуулах таатай нөхцөл бий болж байна, авлигын эрсдэл буурч байна гэж үзэж болно.   

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close