Монголбанк, ХХААХҮЯ-тай хамтран Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”-г 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Өнөөдөр уг ажлын хүрээнд Монголбанк, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын Засгийн газраас батлагдсан залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувийн ур чадварыг хөгжүүлэх “Оролцоо” төслийн цогц сургалтын хөтөлбөрт санхүүгийн мэдлэг олгох сургалтын агуулгыг тусгаж, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний “Загвар” төвөөр дамжуулан санхүүгийн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх, санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх юм.
Энэ хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд санхүүгээ зөв удирдахад дэмжлэг үзүүлэх болон залуу үеийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх, хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалт хийх мэдлэг, чадварыг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон талт сургалт, хэлэлцүүлэг, үйл ажиллагааг зохион байгуулахаар болж байна.