ХАА-н салбарОнцлох

2021 оны Ургацын бүрэн зураглал

Нэг. Ургац хураалтын дүн

Ургац хураалтын  урьдчилсан дүнгээр  нийтдээ  404 мянган га-аас 605 мянган  тонн үр тариа, үүнээс 376.0 мянган га-аас 567 мянган тонн улаанбуудай, 18.5 мянган га-аас 181 мянган тонн төмс, 9.4 мянган га-аас 118.6 мянган тонн хүнсний ногоо, 107 мянган га-гаас 302 мянган тонн тэжээлийн ургамал, 90 мянган га-аас 53.6 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Хоёр. Ургацын чанар

Энэ жил бид сүүлийн гуч гаруй жил аваагүй ургацаа хураан авлаа. Цар тахлын нөлөө, хүндрэл ихсэж тариаланчдаа дэмжих бодлого боловсруулж үр дүнтэй хэрэгжүүлсэн, мөн бороо хур элбэгтэй нөхцөл ч үүнд нөлөөлөв. 

Цаг уурын хувьд бороо хур л элбэг байснаас бусдаар тийм ч таатай байсангүй. Энэ нь ч ургацын чанарт ихээр нөлөөллөө. Тариалалтын чухал мөчлөг болох 5, 6 дугаар сард өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, хүйтэн сэрүүн байв. Залгаад 6-9 дүгээр саруудад ширүүн аадар бороо ихээр орж, шөнөдөө сэрүүн хонож байсан нь таримлын өсөлт хөгжилтөд тус нэмэр авчраагүй.

Мөн цар тахлын хөл хорионы улмаас зарим төрлийн ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлт тасалдсанаас болж таримал ургамал өвчин, хортонд багагүй өртжээ.

Өнөөдрийн байдлаар шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 60.1 мянган тонн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 306.1 мянган тонн хүнсний улаанбуудай хүлээн авч, 90 мянган тонн улаанбуудай борлуулалтын шатандаа яваа мэдээлэл байгаа бөгөөд нийт буудайн нөөцөөр тооцвол 2021-2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой байна.

Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн буудайн борлуулалтад зориулж 150,0 тэрбум төгрөг төсөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 4 үйлдвэр 25.5 тэрбум  төгрөгийн хөнгөлөлттэй зээл аваад байна. Улмаар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай уялдуулан гурилын болон тэжээлийн экспортыг 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс нээхээр төлөвлөн ажиллаж байна. 

Гурав. Зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлууд

-ХХААХҮЯ-аас зохион байгуулсан ажлууд болох импортын үрийн үнийн хөнгөлөлт болон аж ахуйн нэгжүүдэд зээлээр олгосон үр, хамгааллын бодисууд, шатахуун, трактор, комбайн, усалгааны техник, тоног төхөөрөмжүүд эзэддээ хүрч тариалалт болон ургац хураалтыг амжилттай зохион байгуулжээ.

-Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд хөдөө аж ахуйн салбарт нийт 650 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр олгуулахаар болсон юм. Үүнээс 450 гаруй тэрбум төгрөг эздэдээ хүрч, үр дүнгээ өгчээ. 

-Ургацын борлуулалтыг эрчимжүүлэх зорилгоор 150.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 341 дүгээр тогтоолоор шийдвэрлэж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

-Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтран ажилласнаар ургац хураалтын ажилд 1.7 мянган цэрэг, 2 мянган оюутан, 7.4 мянган халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 11.1 мянган хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаа.

– Улсын төсвийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр 32 м2 талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж нийлүүлж хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулав.

-Таримал ургамлын үр сортын тухай хуулийг шинэчлэн боловсруулж батлуулснаар 2022 оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд үр үржүүлэг, сорт сорилт, шинэчлэлт, үрийн нөөц бүрдүүлэлтэд томоохон өөрчлөлт, ахиц дэвшил гарах юм байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close