Хүн амьдралдаа өөрийгөө тодотгох зүйлтэй байгаад түүнийхээ төлөө цаг үргэлж хөдөлмөрлөнө гэдэг үнэхээр сайхан. Энэ удаа бид Спортын мастер Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Идэрбаатартай ярилцлаа.
Юун түрүүнд танд болон танай багийн гишүүдэд цагдаагийн байгууллагыг төлөөлөн шатрын тэмцээнд амжилттай оролцон тэргүүн байр эзэлсэнд нь баяр хүргэе.
Баярлалаа.
Тэмцээний талаар яриагаа эхэлье гэж бодлоо. Хуулийн байгууллагын нийт хэдэн баг тамирчид энэхүү тэмцээнд оролцсон бэ? Хэр хугацаанд үргэлжилсэн талаар.
Шихихутуг их сургуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Хуулийн төв байгууллагуудын ажилтнуудын дунд шатрын тэмцээн энэ оны 11-р сарын 26-ны өдөр зохион байгуулсан. Тэмцээнд УИХ-ын Тамгын газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг 13 байгууллагын 18 багийн нийт 72 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс манай баг нэг ч ялагдалгүй давуу байдлаар тэргүүн байр эзэллээ. Нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тоглосон. Манай баг 3 эрэгтэй, нэг эмэгтэй тамирчинтай 6 өрөг тоглож тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.
Багийн тамирчдын хувьд Спортын мастер, дэд мастер цолтой туршлагатай тамирчид оролцсон учир давуу тал их байсан уу?
Энэ шатрын тэмцээнд спортын мастер цолтой нийт 20 тамирчин оролцсон. Манай багт 3 спортын мастер 1 спортын дэд мастер цолтой тамирчид тоглосон учир мэдээж давуу тал ихтэй байсан. Гэхдээ бас чамгүй ур ухаан шаардсан өрсөлдөөн ихтэй, сонирхолтой тэмцээн болж өндөрлөсөн. Бидний хувьд энэ жилийн анхны тэмцээнээ амжилттай эхлүүлсэндээ баяртай байна. Дараагийн тэмцээнийг Тагнуулын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль зохион байгуулах юм билээ. Тэдгээр тэмцээнд энэ амжилтаа бататгаж оролцох төлөвлөгөөтэй байгаа.
Таны хувьд хэзээнээс шатрын спортоор хичээллэж эхэлсэн бэ? Тэмцээн, уралдаанд их оролцдог байв уу?
Би 8 настайдаа анх шатар тоглож эхэлсэн. Шатар тоглож байгаа хүнийг хараад л сурч байсан. Аав минь шатар тоглодог, олон тэмцээн уралдаанд оролцож тэргүүн байр эзэлсэн. Тэр авьяас нь надад өвлөгдсөн юм болов уу гэж боддог. Би багаасаа л энэ спортоор хичээллэдэг байсан болохоор тэмцээн, уралдаанд их оролцдог байсан. Олон ч шагнал, урамшуулал авсан.
Их сургуулиа төгсөөд орон нутагт томилогдож байсан болохоор байгууллагынхаа шатрын тэмцээнд оролцож чаддаггүй байсан. Харин 2016 оноос хотод томилогдон ирээд Цагдаагийн ерөнхий газрын шатрын багийг ахлан тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож эхэлсэн. Байгууллагынхаа 4 удаагийн аварга болж нийтдээ 10 гаруй шагнал, медаль хүртэж байсан.
Чамгүй их тэмцээн, уралдаанд оролцож байжээ. Өрсөлдөгчтэйгөө хамгийн удаандаа хэдэн цаг шатар нүүж байв?
Хамгийн удаан тоглосон тоглолт гэвэл улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр 3 цагийн үргэлжилсэн тоглолт гарч байсан. Ер нь бол өрөг хамгийн ихдээ найман цаг үргэлжилдэг. Найман цаг тоглоход маш их ядарч, хөл гуйваад босдог гэж ярьдаг. Хэдийгээр биеийн хүч биш боловч оюунаа хэдэн цаг төвлөрүүлж сууна гэдэг бол биеийн ажил хийснээс илүү ядардаг гэж боддог.
Шатрын спортоор хичээллэсэн хүн бүр өндөр амжилт үзүүлээд байхгүй ч зөв хүн болж төлөвшихөд чухал үр нөлөөтэй. Энэ спортын давуу тал нь юу вэ?
“Шатрыг амьдралын жижиг хувилбар” гэж тодорхойлдог. Бид жижигхэн амьдралын талбарт нүүсээр байгаад аливааг үргэлж нухацтай эргэцүүлдэг болчихдог. Тиймдээ ч энэ спорт хүмүүсийн гэнэн зан, сэтгэл хөдлөлийг дардаг.
Шатар тоглодог хүний сэтгэн бодох чадвар, ой тогтоолт сайжрахаас гадна хоёр чиглэлээр илүү хөгждөг. Аливаад нухацтай хандах, гүйлгээ ухаан сайжрах. Мөн ажлын зохион байгуулалт, тэсвэр тэвчээр, эмх цэгцтэй байх гээд олон давуу талтай. Энэ спорт анхаарал төвлөрүүлж, аливаад их хүлээцтэй хандах, юмыг олон талаас нь бодохыг сургадаг. Дээрээс нь тухайн тоглож байгаа өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйн байдлыг ажиглаж, мэдээд сурчихдаг. Шатрын спорт өрсөлдөгчийнхөө хийх нүүдлийг таамаглаж анализ хийх явдал байдаг. Энэ нь ажилд минь ч бас их сайнаар нөлөөлдөг. Би Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөгчөөр ажилладаг. Хэрэг мөрдөхөд их хэрэг болдог. Жишээлбэл: Мэдүүлэг авч байгаа хүнээ ажиглах, ярилцах гэх мэт олон давуу талтай. Шатар тоглохын үр өгөөж их л дээ.
Та завгүй их ажлын хажуугаар энэ оюуны спортдоо хэрхэн цаг гаргаж байна?
Хүмүүс цагдаа гэхээр л завгүй зөвхөн ажлаа хийгээд л явдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Миний хувьд цайны цагаараа болон чөлөөт цаг гарвал л тоглодог. Сүүлийн үед онлайнаар түлхүү тоглож байгаа.
Би шатар тоглодог хүн бүрээс л туршлага судалж, суралцаж байдаг. Тоглогч бүр өөр өөр арга барилтай тоглодог учир тэр бүгдээс суралцаад л явдаг.
Хүүхэд, залуусыг онлайнаар сэтгэцэд нөлөөлөхүйц дайн байлдаан, хор хөнөөлтэй видео тоглоом тоглохын оронд оюун ухааны спорт болох шатраар хичээллээсэй гэж их хүсэж байна.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: ЦЕГ