Тэгш, хүртээмжтэй байдал гэхээр бидэнд хамаагүй мэтээр ойлгодог байсан цаг саяхан. Энэ нь захын дүүргийн сурагч, төвийн сургуулийн сурагчтай ижил түвшний боловсрол эзэмших, хөгшин настай хүн эсвэл хүүхдийн тэрэг түрсэн ээж гудамжаар саадгүй зорчих, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь нийгмийн үйлчилгээг тэгш авах боломжтой байх тухай маш өргөн хүрээний ойлголт юм. Тэгвэл “Түгээмэл загвар” буюу хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй хэн ч хэрэглэсэн ухаалаг, хялбар шийдэл бүхий дизайныг амьдралд нэвтрүүлснээр бидний амьдрал ямар энгийн хялбар болох талаар “Rehtus” компанийн захирал В.Ойдовтой ярилцав. Тэрээр МУИС-ийн Гадаад Харилцааны Сургуулийг төгсөөд, Швейцарьт Олон Улсын Бизнесийн Удирдлагын чиглэлээр суралцахаас гадна ковидын цар тахлын үеэр “Universal Design” буюу “Түгээмэл загвар”-ын чиглэлээр мэргэшсэн анхны Монгол хүн болсон юм.
- Хүртээмжтэй аялал жуулчлал гэж юу болох, яагаад чухал ойлголт болох талаар манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?
Хүртээмжтэй аялал жуулчлал гэдгийг ярихаасаа өмнө урьдач нөхцөлүүдийн талаар бодож үзэх нь зүйтэй. Хүртээмжтэй аялал жуулчлалын гол хэрэглэгч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний гэр бүлүүд байдаг. Өнөөг хүртэл хүний эрх талаас нь харилцаж бусад хүмүүстэй адилхан эрхтэй байхад бие махбодийн буюу орчны саад их байна гэж харсаар ирсэн. Хүний эрх дангаараа яригдахаар зөвхөн л хайрлах ёстой гэсэн үүднээс өрөвдөх маягтай хандлагууд илэрдэг. Хүн ямар үед эрхээ эдэлж, үүрэг хүлээх вэ гэхээр эдийн засгийн чадавхтай болон эдийн засгийн харилцаанд орсон тохиолдол л байдаг. Тэгэхээр хүн өөрийн гэсэн боловсролтой, тодорхой хэмжээний орлого, ажил, бизнестэй байх ёстой. Тэгж байж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “Human Capital” буюу “Баялаг” гэж үзэж байгаа юм. Энэ нь хүний эрхийн асуудлыг улам бүр тодотгож байгаагийн нэг хэлбэр. Ажил олгогчийн хувьд “Баялаг” байж болох ч бизнес эрхлэгчдийн хувьд бид “Хэрэглэгч”. Эрүүл хүнтэй адил бидэнд ч бас аялах хэрэгцээ, хүсэл сонирхол бий.
Гагцхүү намайг аялахад юу саад болж байна вэ гэхээр дэд бүтэц болон мэдээллийн хүртээмж хоёр юм.
Дэд бүтэц гэдэгт мэдээж хэдхэн зүйл л орно. Тээвэр, байрлах газар нь бие махбодийн хувьд хүртээмжтэй байна уу? Нөгөө талаас мэдээллийн хүртээмж нь аялал жуулчлал хийх үү үгүй юу гэдгийн хамгийн тулгуур ойлголтын нэг. Одоо би хаашаа аялах гэж байна вэ гэдэг мэдээллийг сонсголын болон харааны бэрхшээлтэй хүмүүс ямар хэлбэрээр авч байна вэ, тэр нь хэр хүртээмжтэй байна вэ гэдэг нь чухал. Зарим төрлийн суралцахуйн, мөн оюуны бэрхшээлтэй хүмүүс бидний ойлгож тогтсон хэлбэрээр мэдээллийг авч чаддаггүй. Базаад хэлбэл нийгмийн аль ч бүлгийн хүн (нийгэмд байгаа олон төрлийн цөөнх) аялж, зугаалах боломж бүхий аялал жуулчлалын үйлчилгээг ХҮРТЭЭМЖТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ гэж байгаа юм.
- Монголд байдаг хүндрэл бэрхшээлийн улмаас ХБИ аялах байтугай гэрээсээ гарахад ч хүндрэлтэй байдаг. Хүртээмжтэй аялал жуулчлал хөгжих боломжийн талаар?
Хүмүүс энэ тухай яриад ирэхээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн чинь мөнгөгүй дээ” гэдэг. Үнэн л дээ. ДЭМБ болон эдийн засгийн олон судалгаанаас үзэхэд ихэнх нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой байх нь бий. Хүн л юм чинь хооллож ундлах хэрэгцээ гарна. Ядуу байлаа гээд тэд аялдаггүй гэсэн үг биш. Гэхдээ хэзээ ч өлбөрч үхсэн гэж сонсогдож байгаагүй.
Хүртээмжтэй аялал жуулчлалыг хийсэн, дэд бүтцийг нь хөгжүүлсэн байхад үүнд нь сэтгэл хангалуун болдог хүмүүс нь зөвхөн тухайн иргэд биш тэдний гэр бүл, хүүхдээ түрсэн ээжүүд, хөгшчүүлээс эхлээд олон хүн байдаг.
Дэлхий нийтээр аялж байгаа хүмүүсийн дийлэнх нь санхүүгийн боломж, цаг заваасаа шалтгаалаад 50-аас дээш насныхан байдаг. Харамсалтай нь тэд тодорхой хэмжээгээр ямар нэгэн бэрхшээлтэй болчихсон байдаг. Тэгэхээр Ойдовт зориулаад хийсэн үйлчилгээг хаа холын Техас мужийн нэг өвгөн ирээд авахад илүү таатай хүлээж авна гэсэн үг. Тийм учраас sustainable tourism буюу тогтвортой аялал жуулчлал ирээдүйд эрчээ авна. Нэгдүгээрт эрүүл мэндийн үйлчилгээ сайжирснаар нас баралт багасч, өндөр настны тоо нэмэгдэж байна. Хоёрдугаарт хотжилт ихэсч байгаагаас осол аваарт орох зэрэг олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа хүмүүсийн тоо өсч байна. Гуравдугаарт baby boomers буюу 80, 90-ээд онд залуучууд байсан хүмүүс одоо хөгшрөөд мөнгөтэй болоод аялах нь ихэссэн. Дөрөвдүгээрт Ойдов шиг хүнд зориулж хийсэн үйлчилгээ чинь Ойдов шиг биш хүний хүлээлтээс давсан үйлчилгээ болчихоод байдаг. Хүлээлтийг давсан үйлчилгээ чинь хамгийн чухал зүйлсийн нэг биш гэж үү?
- Та амьдралынхаа 1/3-ийг гадаадад өнгөрөөсөн гэж ярьж байсан. Хэдэн орноор аялж байв?
Миний хувьд Австрали, Африк, Антарктид тивээс бусад тивд очиж байсан. Аялал гэхээсээ түлхүү ажил, бизнесийн шаардлагаар Орос, Франц, Швейцарь, Солонгос, Хойд Америк зэрэг 10 гаруй орноор явж байсан.
- Эдгээр оронтой харьцуулахад Монгол улс, Улаанбаатар хот тусгай хэрэгцээт иргэдийн хувьд аялахад хэр тохиромжтой газар вэ?
Монгол Улс үнэхээр сайхан байгальтай, сонин-экзотик газар. Харамсалтай нь ямар ч дэд бүтэц нь бэлтгэгдээгүй. Магадгүй 4 хувь нь л бэлэн байх. Хүн бүрийн аялал жуулчлал хийх арга барил, төрөл нь янз бүр. Өөр өөрийн сонирхлын дагуу хот, хөдөө, адал явдалт аялал зарим нь бүр өөр ч төрлийн аялал хийх гэж ирдэг байх. Манай Монголын хувьд түүхэн болон байгалийн аялал жуулчлал голчилдог гэдгийг хүн бүр мэднэ. Улаанбаатар хотод өвөрмөц үзчихээр, цаг зарцуулах зүйл хомс, байхгүй гэж ч хэлж болно. Хөдөө орон нутагт очиход Монголд ер нь л хэцүү дээ.
Бэрхшээлгүй жуулчид нь ч бие засах, хоол ундааны үйлчилгээ авахад хэцүү нөхцөлд ХБИ Монголд аялна гэхэд нилээд “экстрим” болно. Шуудхан хэлэхэд аялал жуулчлалын салбарынхан бүхэлдээ бэлэн биш.
Зочид буудал, лоунж, гэр бааз, тээврийн хэрэгсэл гээд аялал жуулчлалд оролцдог ихэнх салбар нь чөлөөтэй аялах боломжийг олгоогүй. Зочид буудал гэхэд Шангри-Лагаас бусад нь бараг хүртээмжгүй. Зарим нь хагас дутуу. Гэр баазууд, за түүн дотроо Горхи Тэрэлжид байрлаж байгаа хамгийн гайгүй гэр баазууд л гэхэд хүний анхдагч хэрэгцээ болох бие засах газрын асуудал нь чанга шүү дээ. 00-доо хүрэхээс эхлээд л асуудалтай тулгарна. Арай тав тухтай гээд гэр дотроо 00-той хийхээрээ тэргэнцэртэй хүн багтахгүй нарийхан хаалгатай, мөн 2 давхар байшингийнхаа дунд нь шаттай хийчихдэг. Тээврийн хэрэгсэл гэхэд хөлгүй нь байтугай хөлтэй нь явахад хэцүү . Швейцарь, Япон, Хятадын зарим мужид галт тэрэг, автобус, метро нь зорчиход саадгүй байдаг. Өөр нэг жишээ хэлэхэд, тэргэнцэртэй баян гадаад хүн тусгай үйлчилгээ авъя таксидаад хотын аялал хийе гэхээр тийм үйлчилгээ, боломж нь байхгүй. Ганц гайгүй газар нь хөдөө л болоод байгаа юм.
- Аялж байсан орнуудаас чинь хүний хэрэгцээг хамгийн дээд зэргээр хангаж, Монголдоо хэрэгжүүлчихмээр санаа авахуйц жишиг орныг нэрлэвэл?
Миний аялж байсан газруудаас авч үзэхэд хэдий муу байлаа гэхэд нийтийн тээвэр нь хүртээмжтэй, хот дотроо аялах боломжийг бүрдүүлсэн байдаг. Гэтэл Монголд бүх зүйл нь байхгүйтэй адил учраас бусад улсуудын туршлагаас бүгдийг нь авч хэрэгжүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Бидэнд голж шилээд үүнийг нь авна авахгүй гэх шаардлага байхгүй.
Швейцарь, АНУ хоёр миний очсон газруудаас хамгийн шилдэг нь. Цанын баазын дүүжин сандал гэхэд ямар ч хүн явж болохуйц. Дээр нь тэргэнцэртэй хүн явахад тохиромжтой бүхээгтэй байх жишээтэй. Нийтийн тээвэр нь ямар ч асуудалгүй.
Шаардлагатай тохиолдолд 1-2 өдрийн өмнө Засгийн газрынх нь тодорхой дугаар руу залгахад очих газарт маань надад үйлчилгээ үзүүлэх гээд хүн хүлээж байдаг. Франц харин хотынхоо хуучны өнгө төрхийг эвдэхээс айдаг уу тийм ч хүртээмжтэй санагдаагүй. Гэхдээ л Эйфелийн цамхаг руу гаръя гэхэд ямар ч асуудалгүй. Гэтэл манай Чингисийн хөшөө ямар билээ дээ? Миний хувьд үүрүүлж дүүрүүлээд хоёр ч удаа гарсан. Ингээд харьцуулаад үзэхээр тэнгэр газар шиг ялгаатай.
- Энэ асуудалтай холбогдоод тусгай хөтөчийн асуудал яригдах байх. Хөтчийг тусад нь бэлтгэх ёстой юу?
Заавал тусдаа хөтөч бэлтгэх шаардлагагүй. Хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ өөрсдөө хөтчөө хийгээд явдаг хэд хэдэн хүмүүсийг мэдэх юм. Оросод харааны бэрхшээлтэй нэг залуу Европ, Англи, Америкаас ирсэн жуулчдыг Санктпетербургээр аялуулдаг. Мөн Испанид тэргэнцэртэй залуу хаана ямар газар нь илүү хүртээмжтэй байдаг гэдгийг мэддэг учраас гол газруудынхаа захиалгыг өгөөд гадны жуулчдыг авч явдаг байх жишээтэй. Тэгэхээр надад ч бас тийм боломж байгаа биз? Бусад хөтчүүдийн хувьд бага зэргийн нэмэлт сургалт орох шаардлагатай. Тэгэхээс тэр хүмүүст зориулсан тусдаа хүн гаргах ямар ч шаардлагагүй.
- Тэгвэл бид юун дээр анхаарах ёстой вэ?
Хамгийн түрүүнд бид сэтгэлгээгээ өөрчлөх ёстой. Жуулчны байгууллагууд энэ хүн мөнгө төлөх чадвартай гэдгийг ойлгож ухамсарлах нь чухал. Дараа нь ядаж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлууддаа анхнаас нь зөв шаардлага тавих. Үйлчилгээний байгууллагуудаас хамгийн хүртээмжтэй нь аль нь юм. Аль нь хүлээж авах боломжгүй юм гэдгийг жуулчны байгууллагууд, менежерүүд мэддэг байх ёстой. Тэгэхгүй бол хүчээр нэг буудалд оруулчихдаг байж болохгүй.
- Хүмүүс хөгжлийн бэрхшээл гэдгийг тэргэнцэртэй, харааны болон сонсголын бэрхшээлтэй хүнээс өөрөөр төсөөлдөггүй юм шиг?
Тэрийг ойлгох нь байтугай мэдэх ч үгүй насаараа явж байгаа хүмүүс бий. Хөгжлийн бэрхшээл чинь Visible-Нүдэнд үзэгдэх, Invisible- Нүдэнд үл үзэгдэх гэж хуваагддаг. Жишээ нь, өнгө ялгадаггүй хүн, эсвэл Claustrophobia буюу битүү орчинд байхаас айдаг эмгэгтэй хүнийг гаднаас нь хараад тийм гэж мэдэхэд хэцүү. Ямар ч эмгэг нэг жилээс дээш үргэлжлээд ирэхээрээ бэрхшээл болдог.
“Ямар нэгэн хөгжил ярих гэж байгаа бол хөгжлийг хөдөлгөгч мотивацийг ярих ёстой. Одоогоор тогтвортой аялал жуулчлалыг хөдөлгөгч хүч нь МӨНГӨ. Миний мөнгийг авах гэж байгаа бол надад үйлчлэх ёстой гэсэн зарчим юм”
Би ганцаараа аялдаггүй л байхгүй юу. Хэрэв би эрүүл байсан бол нэг хүний мөнгө өгөөд группт нэгдээд ч юм уу аялчихна. Гэтэл тэргэнцэртэй аялахад намайг өргөх хүн, эхнэр хүүхэд гээд дор хаяж 2-3 хүн надтай хамт аялж, гэр бүлийн аялал болчихдог. Хэрвээ байгууллагууд ганцхан хүнд л таатай үйлчилгээ үзүүлж чадвал 4-5 хүний аяллын мөнгө авах боломжтой.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд амралт сувиллын газар очих нь нэг төрлийн аялал. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд үүн дээр хэр анхаардаг вэ?
Эмчлүүлэх, аялал жуулчлалаас таашаал авах гэдгийн хооронд асар том ялгаа бий. Би эрүүл байхын тулд сувилалд тогтмол явах нь нэг хэрэг. Би тэнд очиж эмчлүүлэх, баярлах, зугаацахын хооронд алд дэлэмийн зөрөө бий. Мэргэжлийн нэр томъёогоор рашаан сувиллын аялал жуулчлал гэж нэрлэнэ гэвэл болно байх л даа. Гэхдээ зорилго нь арай өөр юм болов уу. Сувиллууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээж авдаг гэдэг утгаараа харьцангуй энэ тал дээрээ голчлон анхаардаг байх.
Тогтвортой, хүртээмжтэй аялал жуулчлалыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбож үзээд ирэхээр л энэ буруу ойлголт болно.
Миний дахин дахин хэлээд байгаа зүйл бол тусгай хэрэгцээт иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээ, дэд бүтэц бий болчих юм бол надаас бусад бүх хүний хүлээлтийг давсан үйлчилгээ болдог юмаа. Тэгэхгүй бол одоогийн аялал жуулчлалын байгууллага, үйлчилгээний газруудын үйлчилгээ захиалагч нарынхаа хүсэл шаардлагад ч нийцэхгүй байгаа. Тэгэхээр жуулчны байгууллагууд хоол ундааны үйлчилгээнд шаардлага тавьж сүүлийн 10 жилд ахиц гаргуулсан шигээ тэгш хүртээмжийн талаар шаардлага тавих зайлшгүй хэрэгтэй.
- Маш олон төрлийн хөгжлийн бэрхшээл байдаг. Тэгэхээр эдгээр бүх бэрхшээлд тохирсон хүртээмжтэй байдлыг хэрхэн бий болгох вэ?
Үүнийг “Universal design” буюу “Түгээмэл загвар”-ын зарчим гэдэг. Энэ бол хүртээмж гэдгээс хамаагүй өргөн, гүн ухааны түвшний ойлголт юм. Энэ бол ямар ч хүн (бэрхшээлтэй, бэрхшээлгүй, бэрхшээлийн олон төрлөөс үл хамааран), ямар ч зүйлийг хийж болохуйцаар дизайныг нь шийдэх юм бол хялбар гэсэн санаа. Монголд энэ чиглэлээр төгссөн цорын ганц хүн бол миний бие байна даа. Ковидын үед Нью-Йоркийн Буффалогийн Их Сургуулийн түгээмэл загварын курсийг цахимаар сурч төгслөө. Хамгийн энгийн жишээ хэлэхэд зочид буудлын хүлээн авах тавцан нь нэг түвшинд хийгдсэн байдаг. Тавцан нь өндөр бол намхан хүн эсвэл тэргэнцэртэй хүн үйлчлүүлэхэд тохиромжгүй эсвэл намхан хийчихвэл өндөр хүн бөхийгөөд үйлчлүүлэхэд хүндрэлтэй. Тэгэхээр тавцанг өндөр нам, гоё дизайн болон шийдэлтэй хийж өгөх нь түгээмэл загварын энгийн хэлбэр юм. Дараагийн жишээ гэвэл Шангри-Ла зочид буудлын гаднах хэсэг хэн ч явахад асуудалгүй байхаар шийдсэн байдаг. Заавал тусгай хэрэгцээт хүмүүст гэж налуу зам тавиагүйг анзаарч болно. Зүгээр л талбайг нь бүхэлд нь жоохон өндөрсгөөд барьчихсан. Гуравдугаарт цахилгаан, мэдрэгчтэй хаалга бол түгээмэл загварын хамгийн сайн жишээ юм.
- Энэ чиглэлээр таны хийхийг зорьж буй цаашдын зорилго, төлөвлөгөө юу вэ?
Одоогоор энэ чиглэлээр төгссөн ганц хүний хувьд архитектурын концепц болон барилга байгууламж дээр энэ загвараа хэрэгжүүлэхийг бодож байна. Саяхан сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн хоёр том загвар болох Түгээмэл загвартай Пассив хаус буюу дулааны алдагдалгүй байрыг хувийн хэрэгцээнд зориулан барьсан. (https://www.facebook.com/PassiveInclusiveLabHouse). Энэ чиглэлээр өөрийн мэдсэн сурсан бүхнээ хийж, мөн амаа цангатал бусад хүмүүст таниулахын тулд ярина л гэж бодож байна даа. (инээв)
“Миний энэ мэдлэгийг ашиглах жуулчны бааз, хувь хүн, байгууллагууд байвал би үргэлж нээлттэй.”
- Төр засгаас ямар арга хэмжээ авах ёстой гэж боддог вэ?
Төрөөс шаардах зүйл үй түм бий. Төр өөрөө зах зээлийн мэдрэмжгүй, данхар бүтэцтэй учир шаардах гэхээсээ илүү гаргасан санаачилгыг маань битгий унтраагаасай л гэж хүсэх байна.
- Таны хийж буй бизнес, түрээсийн үйлчилгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй аялагч жуулчдад ихээхэн тустай зүйл. Аялал жуулчлалын компаниудын зүгээс ямар хүсэлтүүд ирж байна вэ? Тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
Баазууд заримдаа нэг баян өвгөн ирэх болохоор 00-оо яах вэ гэж утасддаг. Тэр үед нь ингэх, тэгэх хэрэгтэй, налуугаа ингэж шийдвэл зүгээр хэмээн зөвлөхөөр “Яанаа ямар их зардалтай юм бэ. Долоо хоног 2 хүүхэд хөлслөөд өргүүлье” гэдэг. Энэ бол харалган байгаагийн шинж. Удаан хугацаандаа энэ асуудлыг шийдээд явъя гэсэн байгууллага одоохондоо надтай таараагүй л байна. Тэргэнцэр түрээсийн үйлчилгээг анх бий болгоход муу ёртой юм, хүний зовлонгоор бизнес хийлээ, наадахыгаа үнэгүй өг, тэртээ тэргүй халамжаар үнэгүй олгодог гэхчлэн олон ч хүн хараасан даа. Гурван сарын дараагаас бэрхшээлтэй, бэрхшээлгүй хүн байтугай жуулчны компаниуд ч түр хугацаагаар авч хэрэглэж эхэлсэн. “Манай оронд ийм үйлчилгээ байхгүй байхад Монголд байдаг юм байна шүү дээ” гэсэн хүмүүс ирдэг. Бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой хүмүүст би үргэлж WELCOME гэдэг.
Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт тань амжилт хүсье.
Эх сурвалж: ЖИМ АЯЛЛЫН ХӨТӨЧ СЭТГҮҮЛ 2021.12 сар