Зам тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 98.4 хувьтай байна
Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2021 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүн яамны харьяа байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. Тус ажлын хүрээнд төлөвлөгөөний хэрэгжилт болон хоцрогдолтой байгаа ажлуудыг шалгах, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, судалж боловсруулах, ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй ажил болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дүрэм журмын хэрэгжилтийг шалгав.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн хурлыг 11 дүгээр сарын 18-ны өдөр цахимаар зохион байгуулж “Зам, тээврийн салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө”-ний биелэлтийг дүгнэж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцээд салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн байдлаар 98.4 хувийн биелэлттэй байна гэж дүгнэлээ.
Цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын хүндрэл бэрхшээлийн үед холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, аливаа хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авч ажиллах, мөн ачаа, зорчигч тээвэрлэх, иргэдэд үйлчлэхдээ цар тахлын үед баримтлах дүрэм, журам болон холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг харьяа газар, байгууллагын дарга, удирдлага нарт Ажлын хэсгээс үүрэг болгов.
ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ