Б.Хишигсүрэн: Дэлхий ертөнцийн хөгжлийг цахилгаангүйгээр төсөөлшгүй
Эрдэнэт үйлдвэрийн ЗМЗ-ын Тэргүүлэх эрчим зүйч Б.Хишигсүрэнтэй уулзаж ярилцлаа. Төрүүлж өсгөсөн ээж, түшиж яваа хамт олноо хүндтэй байр эзэлдэг хэмээн өгүүлэх түүний ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.
-Та эхлээд хүүхэд насныхаа гэгээн дурсамжаас хуваалцана уу?
-Би Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. Бага нас минь сумын төвийн хүүхдүүдийн нэгэн адил өнгөрсөн дөө. Аав, ээж минь багш байсан болоод ч тэр үү үеийнхэндээ дээрэлхүүлж, дээрэлхэж үзээгүй их л томоотой хүүхэд байсан.
-Таны эзэмшсэн мэргэжил юу вэ?
-Миний амьдралын бүх зүйлийг, өдий зэрэгтэй амьдрахыг ээж минь зурчихсан гэлтэй. Ээжийнхээ сонголтоор цахилгааны инженер гэдэг эрхэм сайхан мэргэжил эзэмшсэн. Дунд сургууль төгсөгчид хот руу явж сурах хүсэл сонирхолтой байдаг. Би ч бас тэр үеийн Улсын багшийн их сургуулийн хэрэглээний математикийн ангийн хуваарь авчхаад их л баяртай байлаа. Намар хичээл орох дөхөх үед ээж “Чамайг хотод сургаж чадахгүй нь, Эрдэнэтэд Ш.Отгонбилэгийн нэрэмaжит Технологийн сургуульд сур” гэхэд нь тун дурамжхан зөвшөөрсөн дөө. Тэгээд нэмэлт элсэлт авч байгаа сургаар хоёулаа очлоо. Ангиа сонго л гэж байна. Жагсаалтыг нь унштал миний мэдэх, сонирхох зүйл алга. Тэгтэл ээж минь ах нар чинь цахилгаанчин, цахилгааны мэргэжил их ирээдүйтэй, уул уурхайн үйлдвэрийн дэргэд байгаа юм чинь “Уул уурхайн цахилгаан механик”-ийн ангийг сонго гээд л сонгочхож билээ.
-Дурсамжтай түүх байна. Сургуулиа төгсөөд л Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон уу?
-2006 онд сургуулиа төгсөөд Засвар механикийн заводод ажилчин авна гэсэн сургаар шалгалт өгч анх цахилгаанчнаар ажилд орж, Эрдэнэт үйлдвэртэйгээ хувь заяагаар холбогдож байлаа. Энэ сайхан хамт олон дунд цахилгаанчин, эрчим зүйч, тэргүүлэх эрчим зүйчээр нийт 16 жил ажиллаж байна.
-Таны ажлын онцлог юу вэ?
-Миний ажлын гэхээс илүү, мэргэжлийн онцлог гэвэл онох байх. Эрчим хүчгүйгээр энэ оршин буй дэлхий ертөнцийг төсөөлөхийн аргагүй. Аж үйлдвэрийн бүхий л хувьсгалын гол түлхүүр нь цахилгаан юм. Дэлхий ертөнцийн хөгжлийг цахилгаангүйгээр төсөөлшгүй.
-Таны давуу талууд юу вэ?
Давуу талаасаа дутагдал ихтэй хүн шиг санагддаг. Магадгүй өөртөө их шүүмжлэлтэй ханддагаас тэр байх. Шүлэг бичиж суух нээ өөрийгөө магтчих зүйл олддоггүй. Арга ядаад л:
“…… Юм би юм би гэсэн
Яасан олон дутагдалтай юм би
Яг тийм яг тийм гэмээр
Янзын олон дутагдалтай юм би” гээд бичиж суух вэ дээ.
Яах вэ арай илүү гэвэл хөгжилтэй, нийтэч байж магадгүй юм.
-Та бусдад ямар шаардлага тавьдаг вэ?
Үнэнч шударгаар хөдөлмөрлө, хийсэн зүйл чинь чамайг ямар хүн бэ гэдгийг өгүүлэх болно.
-Та юу судалж мэдсэн гэж боддог вэ?
-Хүн нийгмийн амьтан учраас хүссэн, хүсээгүй, хүмүүстэй өдөр тутам харилцана. Гол зүйл бол хүн хүнтэйгээ харьцах харилцаа юм. Ялангуяа удирдах алба хашна гэдэг бол ажилчдаа ойлгох, тэдэнд өөрийгөө зөвөөр ойлгуулах ингэснээр тэр хүмүүсийг зөв манлайлан дагуулна гэж боддог.
-Таны амжилтын үндэс юу вэ?
-Одоогоос 6 жилийн өмнө заводын Тэргүүлэх эрчим зүйч гэсэн энэ том албан тушаал дээр 32-хон настай залуу томилогдоод айх, барьц алдах үе зөндөө л байсан. Миний амжилтын гол үндэс бол сайхан хамт олон минь гэж боддог. Хамт олонтойгоо байхад бидэнд хийж чадахгүй, мэдэхгүй зүйл байдаггүй. Мөн, намайг удирдаж, зааж зөвлөж явсан үе үеийн сайхан хүмүүсийг дурсахгүй байхын аргагүй. Тэр хүмүүсээс сурсан мэдсэн зүйлс ажил амьдралд минь их дэм болдог. Дурдвал, Сархиа цанын баазын дарга асан, дасгалжуулагч багш А.Энхтөр, Механик цехийн эрчим зүйч асан Д.Доржпүрэв, Заводын Тэргүүлэх эрчим зүйчээр ажиллаж байсан Ч.Нямдорж, Механик цехийн ахлах эрчим зүйчээр ажиллаж байсан Васильев И.П., цахилгаанчин Тищик В.А. гэх мэт олон сайхан мэргэжилтнүүдээр заалгаж, суралцаж явсан.
-Таны амьдралд хэн, эсвэл юу хамгийн чухал байр суурь эзэлдэг вэ?
-Миний тухайд хүндтэй байр суурь эзэлдэг хүн гэвэл ээж минь. Энэ л хүн намайг хорвоотой танилцуулж, 6 настай сургуульд хөтлөн оруулж, мэргэжлийг минь сонгож өдий зэрэгтэй явах амьдралын минь замыг заасан амьд бурхан. Энэ дашрамд ээждээ сайхан шүлэг олныг зориулан зохиож өгч чадаагүй ч СГЗ Ш.Гүрбазар гуайн шүлэглэснээр “Хүү нь: Уул өргөж таныхаа ачийг хариулах Урт холын бодолд дараатай л яваа шүү” гэж хэлье.
-Та амьдралдаа хэр сэтгэл ханамжтай явдаг вэ?
-Надад байгаа бүхэнд талархаж явдаг.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Хүний амьдрал ахархан. Ирж буцах хүмүүний орчлонд хүн хүндээ илүүдэж бус, дутагдаж амьдрах хэрэгтэй юм шиг. Үүний тулд өдөр бүр, алхам тутамдаа хичээж явах хэрэгтэй гэж бодож байна.
-Танд ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Т.Батчулуун