“Нью жуулчин турс” компани “Аюулгүй аяллын шошго”-той боллоо
БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төвд өнөөдөр /2021.10.19/ Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй шинэ хэвийн байдалд мөрдөх аюулгүй аялалын олон улсын удирдамжийн шаардлага хангасан “Нью жуулчин турс” ХХК компанид “Аюулгүй аяллын шошго”-ыг гардуулан өглөө. Энэхүү арга хэмжээнд Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга С.Бат–Эрдэнэ, “Нью жуулчин турс” ХХК-ний Ерөнхий захирал Ш.Нэргүй нар оролцов.
С.Бат-Эрдэнэ: “Safe Travels” жуулчдын ковидоос шалтгаалсан айдсуудыг арилгана
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн “Аюулгүй аялал жуулчлалын шошго” -той болох талаар яригдаж, ажил хэрэг болоод эхэллээ. Энэхүү шошгоны давуу тал, аялал жуулчлалын комданиудад энэ шошго маань ямар үүрэгтэй вэ?
-Ковдын нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий даяар аялал жуулчлалын болон зочлох үйлчилгээний салбарынхан жуулчид, зочдоо хэрхэн хүлээн авах вэ гэдэг нь анхаарлын төвд ороод байна. Дэлхийн аялал жуулчлын зөвлөлөөс энэ асуудалд анхаарал хандуулж, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд маань ковидын нөхцөл байдлыг даван туулах, даган мөрдөж ажиллах журам болох “Аюулгүй аялалын шошго” гаргасан.
БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төв нь албан ёсоор Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс олгох шошгыг компаниудад хүлээлгэн өгөх ажлыг хийгээд явж байна. “Ковидын дараа” гэж хүлээх аргагүй тул энэ нөхцөлд аж ахуйн нэгжүүд хэрхэн дасан зохицох, эрдслээс хамгаалах, зочид гийчид, жуулчдын хүлээн авч үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх вэ гэдэг нь их чухал.
Аж ахуйн нэгжүүд энэхүү шошго дээрх удирдамжийн дагуу жуулчидтайгаа хэрхэн харьцах, хүний нөөцийг хэрхэн зохион байгуулах, аюулгүй байдлаа хэрхэн хангах, халдвар хамгааллыг олон улсын жишгийн дагуу мөрдөж ажиллах юм. Энэ шошгыг Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс үнэ төлбөргүй олгож байна. 2022 оноос эхлээд дэлхийн аялагч жуулчид тухайн улс орон луу очихдоо энэхүү “Safe Travels” буюу “Аюулгүй аялалын шошго” авсан аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлнэ гэдэг хандлага нэмэгдэнэ. Тиймээс бид эртнээс бэлтгэл ажлаа хангаад явж байна.
-Аялал жуулчлал эрхэлдэг компаниуд энэ шошгыг заавал авах ёстой юу?
-Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс энэ шошгыг заавал авах ёстой гэж мэдэгдээгүй. Аж ахуйн нэгжүүд өөрийн хүсэлтээр л энэ шошгыг авах юм. Гэхдээ жуулчид маань ирэх оноос аялаад эхлэхэд ковидоос шалтгаалсан айдсууд нь хэвээр байна. Тэр айдсуудыг арилгаж аж ахуйн нэгжүүд ковидын нөхцөл байдалд бүхий л талаар бидний үйл ажиллагаа аюулгүй гэдэг баталгааг энэ шошгоор харуулах юм. Жуулчид ийм шошготой бол “Энэ газар аюулгүй” гэдэг итгэл дүүрэн үйлчлүүлж, аялах боломжтой болно.
-Манай улсад “Аюулгүй аялалын шошго” авсан байгууллагууд хичнээн байна. Ямар материал бүрдүүлж энэхүү шошгыг авах вэ?
-Монголынхоо 10 гаруй байгууллагад энэхүү шошгыг өгөөд байна. “Аюулгүй аялалын шошго” дээрх удирдамжийн дагуу бэлтгэл ажлыг хангах, өөрсдийн удирдамж бий болгох хэрэгтэй. Ингэхдээ ковидын нөхцөл байдалтай уялдуулах нь ажил их чухал. Халдвар хамгааллын журмаа хэрхэн хангах, хүний нөөцөө хэрхэн зохион байгуулж ажиллах зэрэг шаардлагатай материалаа баримтжуулаад бид тэр дагуу илгээж, манай байгууллагаас шалгаж, албажуулаад шошго олгож байна. Энэ шошгыг авсан байгууллага нь Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн цахим хуудас дахь нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ. Жуулчид уг жагсаалт дээрх нэрийг хараад энэ компаниар дамжуулан аялвал аюулгүй юм байна гэдэг итгэл төрнө.
-Аяллын шошго маань дотоодын аялал жуулчлалд хэрхэн нөлөөлөх вэ?
-Дотоод, гадаад гэлтгүй энэ шошго адилхан үйлчилнэ. Ковидын нөхцөл байдалтай үед бид өөрийн үйлчлүүлэгч буюу жуулчдаа яаж хүлээн авч ажиллах ёстой вэ гэдэг зааварчилгаа гэж ойлгож болно. Жуулчин үйлчлүүлэх ресторан, зорин очих газар гээд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий аж ахуйн нэгжүүд маань “Аюулгүй аяллын шошго” авах боломжтой. Заавал гадны жуулчид өөр газарт очно, монголчууд нь өөр газар очдог гэсэн ойлголт байхгүй. Дотоодын аялалд ч нээлттэй ашиглагдах шошго юм.
Ш.Нэргүй: “Аюулгүй аяллын шошго” манай компанийн нэр төрийн баталгаа
-Аюулгүй шошго авахын тулд ямар материалууд бүрдүүлсэн бэ?
-Дэлхийн аялал жуулчлалын судлаачид “Ковидтойгоо эвлэрье. Ковидийн дараах гэдэг ойлголтоо больё” гэж ярих болсон. Үүний тулд аялагчдын айдсыг багасгах хэрэгтэй. Аялагчдын айдсыг багасгахын тулд тэдний аюулгүй тайван аялах боломжоор хангахад онцгой анхаарах, жуулчны аюулгүй байдлыг хамгийн сайн хангасан улс орнууд руу аялах гэдэг асуудал гарч ирсэн. Тиймээс ковидийн үед халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах вэ, аялж байгаа жуулчны эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал их чухал.
Дэлхийн аялал жуулчлалын холбооноос ковидын үед мөрдөх аялал жуулчлалын аюулгүй ажиллагааны зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийн хүрээнд манай компаниас ковидын үеийн аюулгүй ажиллагааны стандартыг дотооддоо боловсруулсан. Энэ стандарт 5 журмаас бүрдэж байгаа. Аялал жуулчлал эрхлэнэ гэдэг ганцхан манай байгууллага биш бусад хамтран ажилладаг байгууллагуудтай холбоотой ажил байдаг.
Зочид буудал, жуулчны бааз, үзвэр үйлчилгээний гаазр, тээврийн асуудлуудыг хэрхэн уялдуулах гэдгийг өнгөрсөн оны 1 сараас эхлэн өнөөдрийг хүртэл боловсруулан ажиллаж байна. Журмыг боловсруулаад ажилчиддаа зааж сурган жуулчин ирэхэд бэлэн, бэлтгэл ажлаа хангасан. Бүх оролцогч талуудтай холбоотой журмыг боловсруулж, батлалцсан. Манай команийн хувьд энэ шошго бол нэр төрийн баталгаа гэсэн үг.
Бид монголынхоо төрийн байгууллагын зөвшөөрөл авсан, Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн үнэлгээг авсан нь өрсөлдөөний давуу байдлыг олгож байна. Энэ завшааныг ашиглаж нийт аялал жуулчлалын салбарынхандаа “Аюулгүй аяллын шошго” авахын төлөө хичээж, бэлтгэлээ хангахыг уриалж байна.
-Энэ батламжийг авахын тулд юуг анхаарвал зохих вэ?
-Гол зөвлөмж нь жуулчин хүлээж авахдаа онгоцны буудлаас эхлээд үдэн явуулах хүртэл бүхий л дамжлагуудад аюулгүй ажиллагааг хэрхэн хангах вэ гэдэг асуудалд анхаарах хэрэгтэй. Өнөөдөр нилээн олон асуудал яригдаж байна. Тухайлбал, жуулчны баазууд ариутгалыг яаж хийх вэ, хэн хийх вэ, хэдэн хоногт хийх вэ, төрийн байгууллагаас ямар тусламж дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг тооцох хэргэтэй. Ариутгалын ажил хийхэд зардал мөнгө нилээдгүй гарч байна.
Нөгөө талаар үйлчилгээний хувьд нийтээрээ буюу олноор үйлчлүүлэх байдлаас татгалзаж эхэлж байна. Болж өгвөл гэрт, хүргэлтийн үйлчилгээг сонирхдог болж байна. Жуулчны баазууд ихэнхдээ 4 ортой байдаг. Тэгвэл одоо 1 юм уу 2 ортой өрөөнүүдээр үйлчлүүлнэ гэсэн шинэ хандлагатай болсон байна. Масс жуулчдад үйлчилэх нь бага болж, хувь хүмүүс болон гэр бүлээрээ яваа хүмүүст зориулсан үйлчилгээ их хийгдэх болсон. Хувь хүний буюу нүүр тулсан үйлчилгээ рүү шилжиж байна. Тиймээс аль болох зайнаас үйлчлэх үйлчилгээг яаж түргэн шуурхай хийж, аюулгүй байдлаа хангах вэ гэдгийг тооцох хэрэгтэй болж байна.
–Коронавирустай холбоотойгоор аялал жуулчлалын салбарт өөрчлөлтүүд гарсан бэ. Одоо ямар боломжууд гарч ирж байна, цаашдын хандлага ямар байна?
-Дэлхий нийтээр цах тахлаас үүдэн шокын байдалд орчихсон байгаа. Улс орнуудын цар тахлын нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байна. Аялал жуулчлалын компаниуд тухайн орныхоо төрийн бодлогыг хүлээгээд ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдгийг харж байна. Визний журам яаж гарах вэ, ямар улс орноос жуулчин авахыг зөвшөөрөх вэ, ямар улсыг зөвшөөрөхгүй гээд маш олон асуудлууд хүлээлтийн байдалтай байгаа.
Аялал жуулчлалын салбар бүхэлдээ зогсонги байдалд орчихсон байсан ч сүүлийн саруудад хонгилын үзүүрт гэрэл гарч байна. Улс орнууд ковидтойгоо дасан зохицож амьдрах буюу жуулчин хүлээж авах журмуудаа яриад эхэллээ. Улс орон бүр журмуудаа өвөрмөцөөр гаргаж байна. Зарим нь хилээр орж ирэх улсуудаа тусгаарлах, зарим тусгаарлахгүй гэж байна. Зарим нь ПСР шинжилгээг яаж өгөх талаар ярьж байна. Манай орон шиг улаан бүсэд орчихсон улс орнууд “Хэзээ хилээ нээх вэ” гэдгийг сүүлийн саруудад яриад эхэлсэн.
Монголын жуулчдыг хүлээн авах улс орнууд ч нэмэгдэж, манай улсын хүлээн авах жуулчид ч нэмэгдэж байна. Бидний гадаад түншүүд аялалын хөтөлбөрүүдийг маань сонирхож эхэлж байна. 2022 оноос бүх чиглэлээр аялал жуулчлал сэргэж эхлэнэ. Олон улсын судлаачдын дүгнэлтээр 2019 онд авч байсан жуулчдын хэмжээ 2024 онд тэр түвшинд хүрнэ гэсэн тооцоолол гаргасан. Бид дэлхий нийтээрээ ковидтойгоо амьдрана.
Тиймээс судлаачдын зүгээс аялал жуулчлалын салбар өөрийн зарчим, журмаар цаашаа явах боломжтой гэдгийг хэлж байна. Манай засгийн газраас явуулж буй арга хэмжээний хүрээнд монголын жуулчдыг хүлээн авах орнууд нэмэгдсэн. Одоогоор Турк, Дубай руу монголчууд аялж байна. Одоо Тайланд руу аялах асуудал яригдаж байна. Ковидын дараа гадагшаа чиглэсэн аялал нэмэгдэх хандлагатай байгаа. Учир нь 2 жил шахам хориод байсан хүмүүс гадагшаа гарч алжаалаа тайлах далай чиглэсэн аялалыг сонирхож эхэлсэн.
П.Нарандэлгэр