Энэ сардОнцлохУрлаг спорт

Алтан үеийнхэн номонд мөнхөрлөө

Урлагийн номын сан байгуулах зорилготой “Бадрангуй урлаг” ТББ-ынхан өнөөдөр Монголын театрын музейд “Бөмбөгөр ногооны Мушгиа”, “Алтан үе-Бөмбөгөр ногооныхон” гэсэн шинэхэн хоёр номоо танилцууллаа. Монголын мэргэжлийн урлагийн байгууллагын үндэс суурь болсон “Бөмбөгөр ногоон” театрын түүх хүүрнэж, алтан үеийн уран бүтээлч нөхдийнхөө тухай ярих хүн хуруу дарам цөөн үлдсэн.

Тэдний нэг найруулагч Б.Мушгиагийн амьдрал, уран бүтээлийн замналыг өгүүлсэн “Бөмбөгөр ногооны Мушгиа” номыг сэтгүүлч Д.Отгонбаяр, “Алтан үе-Бөмбөгөр ногооныхон” номыг сэтгүүлч Н.Сарангэрэл, Ц.Энхмаа, түүхч С.Туяа нар эмхэтгэн гаргасан аж. Номын нээлтэд Б.Мушгиа найруулагчтай хамт ажиллаж байсан “Бөмбөгөр ногоон”-оор овоглодог ахмадууд, урлагийн үе үеийн төлөөлөл оролцож, залуу нас, их урлагийн түүхээс хуучиллаа.

Найруулагч Б.Мушгиа энэ үеэр “Миний зүрхэнд хадгалагдаж явдаг сайхан бүхнийг та бүхэндээ хүсч мэндчилье.  Театр гэдэг айлын босго нь өндөрч буян нь их юм. Өнөөдөр би Бөмбөгөр ногооноор овоглууллаа. Алтан үеийнхэний үргэлжлэл болж, тэдэнтэй 10 хэдэн жил ажиллаж, хийж бүтээж, сайныг ч саарыг ч үзэж явсан хүн. Монголын театрын түүхийн нэг хэсэг болсон Бөмбөгөр ногоонд хувьсгалын дараа 30-аад оны эхнээс бүдүүлэг хоцрогдсон, соёл багатай, ард түмний нүдийг нээж, амьсгалах агаар нь болж байсан газар. Тэнд ихийг сурч мэдэж явсандаа их баяртай байна. Тэр үеийн түүхийг өгүүлсэн ном бүтээсэн залуучууддаа баярлалаа” хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн юм.

Бадрангуй урлаг ТББ-ын гишүүн, сэтгүүлч Н.Сарангэрэл “Урлагийн номын сангийн маань 10, 11 дэх бүтээлээ өнөөдөр өлгийдөн авлаа. “Алтан үе-Бөмбөгөр  ногооныхон” номын хувьд сэтгүүл зүйн бүтээл ихэвчлэн байгаа. Гэхдээ энэ номын гол шигтгээ нь Түүхч С.Туяагийн бичсэн бүлэг юм.  Энэ хэсэг нь судлаачдын хувьд үнэтэй хувь нэмэр оруулах бүтээл болсон гэж үзэж байна.

Бөмбөгөр ногоон театрт тухайн үед ард нийтийг хамарсан хурал зөвөлгөөн цуглаан болохоос гадна шүүх хурал ч болдог байж. Тэр танхимаас цаазын дээд хэмжээг авч байсан хүн ч байж. Жүжиг тоглохын хажуугаар театрыг юунд ямар зориулалтай ашиглаж байсан, анх байгуулахад хэн хэн оролцож байсан зэрэг түүх талаас нь харуулсан байгаа.

Алтан үеийнхэн хэсэгт нь “Өнөөдөр” сонинд ажиллаж байсан хэсэг сэтгүүлчид Н.Балдорж эрхлэгчийн дэмжлэгтэйгээр “Алтан үеийнхэн” гэдэг буланг нээж байхдаа алтан үеийнхэнээс түүхэн он жилүүд, амьдрал уран бүтээлүүдийг нь яриулдаг байсан юм. Тэдгээр ярилцлагуудаа оруулсан. Гуравдугаар бүлэгт нь миний сэтгүүлчээр ажиллах хугацаандаа алтан үеийнхэнтэй болон үр хүүхэдтэй нь уулзсан материалууд орсон. Манай “Бадрангуй урлаг” ТББ маань Зууны мэдээ сонины эрхлэгч Д.Отгонбаяр эхлүүлсэн. Бид нар нийлээд 2008 оноос “Урлагийн номын сан” гээд цувралыг хийж эхлүүлсэн. Энэ номонд маань Алтан үеийнхэний багахан хувь нь буюу 50 иад хүн л энэ номд орсон. Цааш нь үргэлжлүүлэх зорилготой байгаа” гэлээ.

Сонирхуулахад, өнгөрсөн ХХ зууны 20-иод сүүлч үеэс Бөмбөгөр ногоон, Бөмбөгөр ногооныхон гэдэг нэршил Монголын театрын түүхнээ бичигдсэн байдаг. Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон театр нь 1927 оны 7 сарын 9-нд анхны үзвэрийн нээлтээ хийж байжээ.  1930 онд Ардын гэгээрүүлэх яаманд сургагчаар ирсэн Зөвлөлтийн мэргэжилтэн А.Ефремов, Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн дарга Ц.Гомбожав нартай хамтран Монголд театр байгуулахаар нэг жилийн түр сургууль байгуулсан аж.

Тухайн үед нийслэлийн сургууль, албан газраар яван 20 орчим охид хөвгүүдийг сонгон театр, урлагийн түүх, жүжигчний уран чадвар, монгол бичиг, тоо бодлого зэрэг хичээл зааж өгчээ. Энэ үед суралцаж төгсөгчдийн дунд Д.Ичинхорлоо, Д.Цэрэндулам, З.Цэндээхүү, гавъяат жүжигчин Б.Жадамбаа, Ч.Цэвээн, урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн хошой шагналт Д.Намдаг зэрэг хожим Монголын соёл урлагийн түүхэнд билэг авьяасаараа тодорсон Бөмбөгөр театрынхан, Алтан үеийнхэн төрөн гарсан ажээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close