ОнцлохОрон нутаг

Загастайн давааны зам хатуу хучилттай боллоо

Нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй ганц аймаг бол Завхан байв. Тэгвэл тус замыг хатуу хучилттай болгох автозамын хучилтын ажил өчигдөр бүрэн дуусжээ. Загастайн давааны замыг Монголд анх удаа уулын оройгоор хийснээрээ онцлогтой юм. Эгц өндөр хад байц ихтэй, уулын замын ажил нь хүндрэлтэй, удаашралтай байсан ч замын компаниуд бүрэн хүчин чадлаараа гүйцэтгэл сайтай ажиллажээ. Одоогоор тус замыг улсын комисс албан ёсоор хүлээж аваагүй байна. 

Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх энэ замыг хатуу хучилттай болгох ажил царцдаг, гацдаг байсан нь саяхан. Бүр тодруулбал, 2012 оноос хатуу хучилттай замтай болохоор төлөвлөж, төсөвлөсөн түүхтэй. Тэгвэл 2017 оны тавдугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор хөрөнгийн асуудал шийдэгдсэнээр Загастайн давааны замын ажил эхэлжээ. 2019 оны 12-р сарын 27-ны өдөр хүртэл Загастайн давааны замын өргөтгөл, хадны тэсэлгээ, газар шорооны ажил эхэлж, 2020, 2021 онд хатуу хучилттай замын ажлыг эрчимтэй хийжээ.

Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын бүтээн байгуулалтын 40 км орчим нь Загастайн даваагаар дайран өнгөрдөг. Монгол орны Тарвагатайн нуруунд байрлах хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох хүндрэлтэй давааг хатуу хучилттай авто замаар холбох энэхүү ажлыг “Арж роуд” ХХК, “Түм арвижих” ХХК гүйцэтгэжээ. Ийнхүү Загастайн давааны авто зам хатуу хучилттай болсноор Завхан аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, иргэд тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бүрдэж байна. Мөн тус аймгийг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, цаашлаад тухайн орон нутгийн хөгжилд үр өгөөжөө өгөх юм. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close