НИТХ-ын төлөөлөгчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын эхний долоо хоногт тохиодог. Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид болон Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих Үндэсний хөдөлгөөнд нэгдэж, өнөөдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д дөрвөн төрлийн 100 гаруй мод тарилаа.
Мөн нийслэлийн нутгийн захиргааны 100 гаруй байгууллагын ажилтан, албан хаагчид “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 3000 орчим модыг эдгээр өдөр тарихаар төлөвлөсөн юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Мод тарина гэдэг үрсэлгээг газрын хөрсөнд суулгаад орхихын нэр биш. Гол нь түүнийгээ арчилж, тордон ургуулах нь чухал. Монгол Улсын иргэн бүр мод тарих үйлсэд идэвхтэй оролцон, Монгол орноо ногоорууж, эдийн засгаа солонгоруулах чиглэлээр хүч нэмэн зүтгэж байна” гэлээ.
Харин Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул уг хүрээлэнд тарьж, суулгасан модны ургалтад 100 хувь баталгаа өгөх болно гэдгийг онцоллоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ