Дуу хөгжим

Урлагийн авьяасаа хөгжүүлсэн уурхайчид

Уул уурхайн хүнд үйлдвэр дэргэдээ Соёл, урлагийн цогцолбортой байна гэдэг  ажилтнуудаа бодсон том бодлогын хэрэгжилт юм. Тийм ч учраас Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин уран сайханчид урлагийн авьяасаараа улсдаа тэргүүлдэг. Илгээлтийн эзэд, анхдагчдын бүтэн үе шинэчлэгдэж, шинэ залуу ажилтнуудаар хүч сэлбэсэн энэ үед урлагийн авьяасаараа журмын нөхдөдөө танигдаж, ажил үйлсээрээ хамт олондоо үнэлэгдэж яваа уурхайчин залуусын төлөөлөлтэй уулзаж дараах дөрвөн асуултаар хариулт авсан юм.  

1. Урлагийн авьяасаа хэзээнээс хөгжүүлсэн бэ? 
2. Урлагтай холбоотой мартагдашгүй дурсамж..? 
3. Урлаг танд юу өгсөн бэ? /хүмүүжил, төлөвшил, гоо зүй, өөрчлөлт/
4. Амжилт..?

Хөгжмийн урлаг хүнийг зөөлөн сэтгэлтэй болгодог
Д.БАТ-ЭРДЭНЭ /Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн технологич/ 

-Би 2005 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг Ашигт малтмалын баяжуулалт мэргэжлээр төгсөөд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт насосны машинчаар ажилд орж байлаа. Одоо тэр хэсэгтээ хамтын баяжуулалтын технологичоор ажилладаг. Урлагийн авьяасын хувьд Эрдэнэт хотын 4-р сургуулийн дэргэдэх Энхболд багштай морин хуурын ангид дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа элсэн орж байлаа. Түүнээс хойш Батсайхан, Аюурзана багш нараар 10-р анги төгстлөө морин хуур заалгасан. 

-Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 800 морин хуурч сууж тоглох болоод аймаг бүрээс морин хуурчдыг цуглуулахад багш нартайгаа хамт хамгийн олон морин хуурч бэлтгэн оролцож байснаа ер мартдаггүй. Тэр үед 800 морин хуурч нэгэн зэрэг тоглоход үнэхээр огшсон. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын морин хуурын анхны дөрвөлийг Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын морин хуурч Адилбиш ахтай ярилцаж байгаад байгуулсан. Ахлагчаар нь томилогдоод хэд хэдэн сайхан уран бүтээл хийсэн дээ. Мөн Баяжуулах үйлдвэрийн үндэсний хөгжмийн “Эгшиглэн” хамтлагтайгаа өнгөрүүлсэн цаг мөч бүхэн дурсамжтай.  

-Урлаг хүнд ажиглах, хүнээс үг сонсож сурах, хүлээцтэй байх, аливааг гэгээ гэрэлтэй талаас нь харах хандлага, мэдрэмжийг төлөвшүүлдэг. Тэр тусмаа хөгжмийн урлаг хүнийг зөөлөн сэтгэлтэй болгодог шиг санагддаг.  

-Аравдугаар ангийн сурагч байхдаа анх Үндэсний хөгжмийн Улсын уралдаанд оролцоод түрүүлж байлаа. За, тэгээд оюутан байхдаа болон Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болоод урлагийн олон наадам, тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлж байсан даа. Хамгийн сүүлд Монголын ҮЭ-ийн 100 жилийн ойгоор бүх нийтийн ажилтны урлагийн их наадмаас Гранпри хүртсэн. 

Ээжийнхээ оронд Эрдэнэт үйлдвэрт ажилд орж байлаа
Э.ОДХҮҮ: /Цахилгааны цехийн хөдөлгүүрийн ороомогчин/

-Эрдэнэт үйлдвэрт ээжийнхээ оронд 2016 оны нэгдүгээр сард ажилд ороод хөдөлгүүрийн ороомогчин мэргэжлээр тав дахь жилдээ ажиллаж байна. Би цэцэрлэгт байхаасаа л бүжиглэж, хөгжим тоглож, найрал дуунд зогсдог хүүхэд байсан. Сургуульд ороход аав, ээж маань даралтат хөгжим авч өгсөн. Нот мэдэхгүй, сонсголоороо зохиолын дуу дарж сурсан. Сургуулийн урлагийн үзлэгээр дуулна, бүжиглэнэ, хөгжим тоглоно. 

-Олон сайхан дурсамж бий. Хамтлагийнхаа найзуудтай, багш нартайгаа анх удаа улсын тэмцээнд оролцохоор Бөхийн өргөөнд орж үзэж билээ. Тэр том зайд бүжиглэх биш бараг гүйж байсан даа /инээв/. Тэнд их сургуулийн том ах эгч нар биднээс илүү гоё бүжиглэж байгааг хараад биширч байснаа мартдаггүй. 

-Урлаг намайг олон сайхан найз нөхөдтэй болгосон. Биеэ зөв авч явах соёлд сургасан. Бие бялдрын зөв хөгжилтэй, мэдрэмжтэй болоход нөлөөлсөн. 

-1999-2007 онд “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн аймгийн наадамд хамтлагаараа алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. 2007 онд цэнгээнт бүжгийн “Хаврын баяр” Улсын уралдааны мөнгөн медаль, Монголын хүүхдийн ордны алтан медаль, 2002 оны “Хаврын баяр” наадмын “Шилдэг хос” төрлөөр дэд байр, гуравдугаар байр эзэлж байлаа. 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан “Энэ хүүхнүүд үү…” тэмцээнд дэд байр, 2017 онд тэргүүн байр эзэлсэн. Харин 2018, 2020 онд шагналт байранд шалгарсан. 

Урлагт ойр хүний гоо зүйн мэдрэмж өндөр
Б.ЧИНЗОРИГ /Авто тээврийн цехийн Зорчигч тээврийн хэсгийн автобусны жолооч/ 

-Би 2019 онд Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехэд Хамтын гэрээний заалтын дагуу аавынхаа оронд ажилд орсон. Надад гоц, сүрхий авьяас байхгүй дээ. Хурим найр, шоу цэнгүүн гэх мэт ёслолын үйл ажиллагаа хөтөлдөг юм. Дундуур нь ганц хоёр дуулчихна. Сургуулийн сурагч байхдаа урлагийн үзлэгт оролцоод л явдаг байсан. Оюутан болоод анх сургуулийнхаа шинэ жилийн баярыг хөтөлж их урам, зориг авсан. Хүмүүсийн алга ташилт ямар их эрч хүч, сайхан энерги өгдгийг мэдэрсэн. Тэр цагаас хойш янз бүрийн үйл ажиллагаа хөтөлдөг болсон доо. Тухайн үеийн уур амьсгалыг бүрдүүлэх, зангидах, чиглүүлэх гээд маш их мэдрэмж, хариуцлага шаардсан ажил. Өөрийгөө хөгжүүлээд л явж байна.

-Олон жилийн туршлага байхгүй болохоор дурсамж гэхээсээ илүү хөгжилтэй зүйл нэлээд тохиолддог доо. Ойрд тайзан дээр гараагүй байж байгаад саяхан нэг үйл ажиллагаа хөтөлтөл сандраад шүлгийн мөрөө хоёр уншчихсан /инээв/. Хүмүүсийн сэтгэл хөөрчихсөн байсан болохоор анзаараагүй байх. Бас нэг удаа …Хатагтай Батчимэг…гэсэн чинь эрэгтэй хүн гараад ирж билээ. Түүнээс хойш мэдээллүүдийг нь сайн авч байж хөтөлдөг болсон.  

-Хүний хөгжилд урлаг маш их ач холбогдолтой. Хамгийн наад зах нь урлагт ойр хүний гоо зүйн мэдрэмж өндөр байдаг. Тиймээс хүүхдүүдээ ч гэсэн урлаг, соёлтой ойр байгаасай гэсэн үүднээс хөгжүүлэхийг хичээдэг. Урлаг бол үзэл суртлын хамгийн том зэвсэг. Гэхдээ урлагт муу зүйл огт байхгүй. 

-Цар тахлын улмаас урлаг, соёлын үйл ажиллагаа зогссон байна. Ажилд орсон жилээ Эрдэнэтт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс, Соёл, урлагийн цогцолбор хамтран зохион байгуулдаг “Safety first” тэмцээнд баг хамт олноо зохион байгуулж оролцоод тэргүүн байрт шалгарч, цомын эзэн болсон. Ер нь цар тахлаас өмнө долоо хоног бүрийн баасан гарагт заавал нэг үйл ажиллагаа хөтлөх урилгатай байдаг байсан. Үнэлж, итгэл хүлээлгэсэн хүнийхээ найр, хурим, үйл ажиллагааг сайхан болгох гэж л хичээдэг дээ.

“Хаврын баяр” Улсын уралдааны таван удаагийн аварга… 
Э.НАНДИНЧИМЭГ /Дулааны цахилгаан станцын засварчин/

-Би аавынхаа мэргэжлийг өвлөн Эрдэнэт үйлдвэрт 2019 онд ажилд орж, Дулааны цахилгаан станцын цахилгаан техникийн хэсгийн дулааны нарийн хэмжүүрийн автоматжуулалтын засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Бүр бага байхаас бүжгийн авьяас тодорсон. Ардын, тайзны болон спорт гээд бүжгийн бүх төрлийг сонирхон хичээллэдэг.    

-Цэнгээнт бүжгийн “Хаврын баяр” Улсын уралдаанд түрүүлээд, Эрдэнэт хотынхоо нэрийг гаргаад, цомоо өргөөд зогсож байсан алтан агшин хамгийн сайхан санагддаг. 

-Бүжгийн урлаг надад гоо зүйн мэдрэмж, таашаал, бие бялдрын зөв хөгжил, тэсвэр тэвчээр, харилцааны зөв хандлага, төлөвшил олгосон.

-Цэнгээнт бүжгийн “Хаврын баяр” наадмын 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн. Мөн Урлагийн ажилтны холбооны “Соёлын алдар” медальтай

М.Одгэрэл

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close