Эрүүл мэндFocus

ХСҮТ-ийн эрчимт эмчилгээ болон мэдээгүйжүүлгийн тасаг шинэчлэгдлээ

1961 онд Цацраг туяа эмнэлэг анх байгуулагдснаар Монгол улсад хавдар судлалын алба үүсэн хөгжиж энэ онд 60 жилийн ой тохиож байна. Тус эмнэлэг нь 1982 онд тухайн үеийн ЗХУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан шинэ цогцолбор болох одоогийн энэ байрандаа нүүж орсноор хавдар судлалын төв болон үйл ажиллагаа нь өргөжин тэлсэн билээ.

Тэр үед байгуулагдсан хагалгааны 2 ортой мэс заслын өрөөг дундуур нь тусгаарлан 4 ортой болгон өргөжүүлсэн энэ хэсэгт хавдрын бүх төрлийн мэс заслуудаас эхлээд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хүртэлх том хэмжээний хагалгаа хийж байсан эдгээр өрөөнүүдийн зохион байгуулалт, багтаамж, тоног төхөөрөмж, тоноглолт гээд бүхлээрээ элэгдэн хуучирч өнөөгийн шаардлагыг хангахгүй хоцрогдсон нь тус төвийн гол тулгамдсан асуудлуудын нэг болсоор өнөөг хүрсэн юм.

Харин ХСҮТ-ийн үе үеийн удирдлагуудын хичээл зүтгэл, төр засгийн дэмжлэгтэйгээр өнөөдөр тус төв нь 1982 оноос хойш анх удаа иж бүрэн шинэчлэн засварлагдаж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, ламинар урсгал бүхий дэлхийн жишигт нийцсэн хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгаа нээж байна.

ХСҮТ нь жилд дунджаар ерөнхий унтуулгатай 3500 гаруй хавдрын хагалгааг хийдэг байсан бол Хагалгаа мэдээгүйжүүлгийн тасгийг бүрэн шинэчилж нийтдээ хагалгааны 8 өрөөтэй болсоноор мэс засал эмчилгээг хийх боломж өнөөгийнхөөс 2 дахин нэмэгдэж, жилдээ 6200 хүнд үйлчлэх хүчин чадалтай болж байна.

Энэ том хэмжээний бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэх зам амар байгаагүй ээ. УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Энэр Мэд ХХК-ийн эмнэлгийг түрээсэлж уг хувийн эмнэлэгт мэс заслын өрөө хийхэд зарцуулагдах байсан хөрөнгийн зарцуулалтыг өөрчлүүлж чадснаар улсын мөнгийг улсад нь зориуллаа.

Бид дээрх хувийн эмнэлэгт зарцуулагдах байсан 2,8 тэрбум төгрөгөөр бүрэн вакуумжсан 6 хагалгааны өрөө, 6 ортой сэрээх өрөө бүхий орчин үеийн хагалгаа, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасаг, 9 ор бүхий эрчимт эмчилгээний тасагтай боллоо. Хэрвээ М.Билэгт гишүүний эмнэлгийг түрээсэлсэн бол 2020-2021 онуудад 10 орчим тэрбум төгрөгийг тус хувийн эмнэлгийн түрээс болон бусад зардалд төлөөд цаашид улсын төсөвт дарамт үүсч, харин ХСҮТ 1982 оны хагалгааны тасагтайгаа үлдэх байв.

Удирдлагын зөв шийдвэр, ЭМЯ, төр засгийн дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд татвар төлөгчдийн төлсөн татвар буюу төсвийн хөрөнгө хувийн эмнэлэгийг хөгжүүлж тэнд хөрөнгө болж үлдэх биш, улсдаа ганц хавдрын эмнэлэгтээ зориулагдснаар хавдрын мэс засал улам хурдацтай хөгжих, шинэ дэвшилтэт технологиудыг нутагшуулах, хагалгааны нэр төрлийг олшруулах, хавдрын мэс заслын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийг бууруулахад том түлхэц болно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close