“Улаан гэр” галерей нүүдлээс эргэн ирлээ
15 жилийнхээ ойтой золгож байгаа Монгол урлагийн зөвлөлийн “Монголиан Пропертис” ХХК-ийн дэмжлэгтэйгээр “Улаан гэр” галерейгаа дахин нээлээ. Урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерей нь 2003 оноос гадаад, дотоодын уран бүтээлчдийн үзэсгэлэнг шинэлэг, бүтээлч хэлбэрээр дэглэн, олон нийтэд таниулж ирсэн ба Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ХААН Банкны байранд ажилдаг байсан юм. Ингээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Улаан гэр” нь нүүдлийн галерей хэлбэрээр залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулж, “Улаан гэр” урлангаар хангах хөтөлбөрийг шинээр санаачлан, үйл ажиллагааг нь үргэлжлүүлж байв.
Энэ удаа “Улаан гэр” галерей “Олимпик резиденс”-т байрлах шинэ байранд нүүн очиж, тавдугаар сарын 26-наас үүд хаалгаа нээлээ. Тус галерей нь уран бүтээлчдийг дэмжин үзэсгэлэн гаргахаас гадна Монголын дүрслэх урлагийн чанартай бүтээлийг худалдан борлуулах, шинэлэг сонирхолтой сургалт, арга хэмжээ, хүлээн авалтыг зохион байгуулах боломжтой.