Филадельфийн симфони найрал хөгжимчдын тоглолт болов
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга Монгол Улсад анхныхаа түүхэн айлчлалыг хийж, 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Улсын Филармонид монголын ард түмэнд симфони найрал хөгжмийн гайхамшгийг толилууллаа.
Тоглолтыг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт нар үг хэлсэн бөгөөд тэд хэлсэн үгэндээ хөгжим бол иргэд хоорондын болоод улс хоорондын харилцааг энгийн болоод хүчирхэг хэлбэрээр өнө мөнхөд оршин тогтнохын үндэс болгон нэгтгэдэг хэл тул хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулгын тоглолт үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.