Самбалхүндэвийн оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжив
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Самбалхүндэвийн оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тогтоолын төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв. Самбалхүндэвийн буюу олны хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдсан. 1987 онд хаагдсан боловч иргэд 2000-аад оны эхэн үе хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн юм. Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн 7, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга, Зурагт зэрэг гэр хорооллын дунд оршдог. 2015 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийсэн тооллогоор тус оршуулгын газарт 47.3 мянган шарил байгаагийн 15.6 мянга нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байгаа юм.
2015 онд тус оршуулгын газар нь 73.9 га талбайтай, нөөцгүй гэж тогтоогдсон ч 2021 оны тооллогоор нэр нь тодорхойгүй булш, бунхны тоо 20 орчим хувиар нэмэгджээ. Газарт оршуулсан хүний цогцос 20 гаруй төрлийн хорт хий дэгдээж, цогцос дахь хорт бодисууд хөрсөнд нэвчиж, олон жилийн хугацаанд өвчин үүсгэсээр байдаг аж. Өмнө нь тус оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгаж, концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч хэрэгжилгүй өнөөг хүрсэн байна. Тэгвэл уг оршуулгын газарт бурхан болоочдыг дурсан хүндэтгэх иж бүрэн тохижилт, барилга, байгууламж бүхий Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, батлав. Төслийн хүрээнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, 2021-2024 оны хугацаанд дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна. Нийт 10 га газрыг хамарсан дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв байгуулах юм.
ТҮЦ эрхлэх асуудлыг судлах Ажлын хэсэг гаргалаа
Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ээр амь зуугчдын холбооноос НИТХ, Засаг дарга болон НИТХ-ын дэргэдэх дэд хороонд хандаж, шаардлага ирүүлсэн байна. Тэд шаардлагадаа “Улаанбаатар хотод ТҮЦ ажиллуулахад холбогдох дүрэм, журам тодорхойгүй байдгаас хүндрэл учирч байна. Тиймээс холбогдох дүрэм, журмыг цэгцэлж өгнө үү” гэсэн байна.
Өнөөдрийг хүртэл ТҮЦ ажиллуулахад чиглэсэн хүчин төгөлдөр хууль огт байхгүй. ТҮЦ ажиллуулж буй хүмүүс НИТХ-аар баталсан “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах журам”-ын хүрээнд ажиллаж байгаа ч эдгээр нь Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй аж. Тиймээс журмуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч эхэлжээ. Цаашид дээрх хоёр журмыг шинээр баталсан, 2022 оноос хэрэгжиж эхлэх хуулиудтай уялдуулан зохицуулж, худалдаа үйлчилгээ эрхлэх боломжоор хангаж өгөхийг хүссэн байна. Тиймээс өнөөдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ эрхлэх асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг” байгуулахаар шийдвэрлэлээ.
Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийслэлчүүдийн ая тухтай орчинд амарч зугаалах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг хэрэгжүүлэх асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж дэмжлээ. Уг цэцэрлэгт хүрээлэн нь 300 га талбайг хамрах бөгөөд усан оргилуур, цөөрөм, амрах сандал, хүүхдийн тоглоомын хэсэг, ногоон байгууламж, хөшөө дурсгал зэргийг байгуулахаар төлөвлөжээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбайн 70 хувьд 30 зүйлийн 140 мянга гаруй мод сөөг тарьж, үлдсэн 30 хувьд амралтын болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилт хийхээр төлөвлөсөн байна. Хүрээлэнд хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ахмад настны нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой аж. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор нийслэлийн зургаан дүүргийн сая гаруй хүн ам үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид танилцууллаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС