Орон нутагFocus

Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг 1 жилийн хугацаатай хязгаарлажээ

Завхан аймагт энэ жил отроор өвөлжих малын тоо эцэслэн гараагүй байгаа ч “Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт тавих тухай” Аймгийн Засаг даргын А/259 дугаар захирамж гарсан байна.

Захирамжийн дагуу мал амьтны гоц халдварт өвчний эрсдэл бүхий Зүүн бүсийн аймгуудаас ирэх мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг долоодугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хориглоод байна. Тус аймаг малын гоц халдварт өвчин гараагүй аймаг статусаа хадгалан ажиллаж байгаа юм.

Малд шинж тэмдэг илэрвэл мал эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй

Хөрш зэргэлдээ Ховд аймаг болон Зүүн бүсийн аймгуудад малын шүлхий өвчин бүртгэгдээд байна. Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусийн гоц халдварт өвчин юм. Шүлхийгээр өвчилсөн нас гүйцсэн малын үхэл хорогдол бага, харин нялх төл болон ядарч доройтсон мал, амьтан олноор үхэж хорогддог.

Халдварын голомт нь өвчтэй, өвчлөөд эдгэрсэн, халдвар авсан мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үрийн шингэн зэрэгтэй хамт ялгаран гарсан вирусээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, гутал хувцас зэрэг болно.

Ихэнхдээ шүлхийн халдвар өвчтэй, халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэг мал, амьтанд шууд хавьтлын замаар болон шүлхийн вирусээр бохирлогдсон зүйлээр дамжин тархдаг. Өвчний голомтод ойр байсан мал, амьтанд амьсгалын замаар халдаж болно.

Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус алс хол салхиар зөөгдөн халдварлах боломжтой. Шүлхий өвчтэй малтай харьцан ажиллаж байсан хүний багалзуурын салсанд шүлхийн вирус түр хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул голомтоос гарснаас хойш 3-5 хоног мал, амьтантай газар очихыг хориглодог.

Мөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа сум, аймгийнхаа мал эмнэлэг болон аймгийн Зоонозын өвчин судлалын төв болон мэргэжлийн байгууллагуудад яаралтай хандах хэрэгтэй гэж аймгийн ХХААГ-аас тус тус анхааруулж байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close