Эдийн засагОнцлох

Хөгжлийн банк болон Төрийн банкны үйл ажиллагааны стратегийг танилцуулав

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банк болон Төрийн банкны үйл ажиллагааны стратегийн шинэчлэлийн талаар танилцуулсан.

Хөгжлийн банкны үйл ажиллагааг шинэчлэн өөрчилж, ЭКСИМ банкны үүргийг хэрэгжүүлэх тухай

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасанчлан Монгол Улсын Хөгжлийн банк нь тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллана.

Улмаар гадаад худалдааны санхүүжилтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлснээр экспорт, импортын харилцаан дахь мөнгөний урсгалыг дэмжиж, дутагдлыг нөхөх боломжийг бий болгох төдийгүй аккредитив, импортын зээл, факторинг, форфейт, гадаад баталгаа, нэхэмжлэлийн хөнгөлөлт зэрэг худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнүүдийг санал болгоно.

Эксим банкны үүргийг хэрэгжүүлж Хөгжлийн банкны шинэчлэлийг хийснээр төслийг цогцоор шийдвэрлэж, төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран төслийг бойжуулах, Олон улсын Эксим банкуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна экспортын шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх юм.   

Төрийн банкийг цаашид дундаж давхаргыг дэмжигч, бойжуулагч, санхүүгийн хөнгөлөлттэй, хүртээмжтэй үйлчилгээг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх банк болгох тухай

Улсын Их Хурлаас баталсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, жижиг дунд бизнес эрхлэгчийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлэх талаар, мөн “Алсын хараа 2050 – Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлж, эрсдэлээс хамгаалах талаар тус тус тусгагдсан.

Төрийн банкны одоогийн явуулж байгаа үйл ажиллагаа, зах зээлд нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, стратеги төлөвлөгөө нь дундаж давхарга руу чиглэсэн байгаа хэдий ч цаашид дунджаас доогуур орлоготой иргэдийг бойжуулах, дундаж давхаргын иргэдийг дэмжих зээл, хадгаламжийн болон төлбөр тооцооны бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, санхүүгийн зөвлөгөө, мэдлэг олгох чиглэлээр нэмэлт арга хэмжээ авч, банкны дүрэмд өөрчлөлт оруулснаар дундаж давхаргыг бодитоор дэмжих, бойжуулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Иймд Улаанбаатар хот болон бүх аймаг, сумдад нийт 494 салбар нэгжтэй, зах зээлд нийгмийн дундаж давхаргыг дэмжих, тэлэхэд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн, санхүүгийн мэдлэг, зөвлөгөөг өгөх, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх боломжит дэд бүтэц бүхий Төрийн банкийг цаашид дундаж давхаргыг дэмжигч, бойжуулагч, санхүүгийн хөнгөлөлттэй, хүртээмжтэй үйлчилгээг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх банк болгохоор хэлэлцлээ.   Илгээх 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close