БоловсролОнцлох

25 цэцэрлэгийн 60 бүлэгт ээлжийн багш ажиллана

Энэ хичээлийн жил Улаанбаатар хотын хэмжээнд 25 цэцэрлэгийн 60 бүлэгт туршилтаар ээлжийн багш ажиллуулна. Ээлжийн багштай болсноор цэцэрлэгийн эхлэх болох тарах цагийн хуваарьт өөрчлөлт орох юм. Сонгогдсон цэцэрлэгийн хүүхдүүдийг аав ээж нь өглөө 07:00-09:30 цагийн хооронд хүргэж өгөөд орой хүргэж өгсөн цагаас хамааран 17:30-20:00 цагийн хооронд авна. Энэ зохицуулалтын үр дүнд

  • Замын түгжрэл буурна
  • Цэцэрлэгийн үндсэн багшийн ачааллыг багасгаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ
  • Аав ээжүүд бүтэн цагаар ажиллах боломж бүрдэнэ

Улаанбаатар хотын замын түгжрэлийн 25 орчим хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж, авах гэсэн аав ээжүүдийн хөдөлгөөнөөс үүдэлтэй байдаг. Тиймээс туршилтаар ээлжийн багш ажиллуулах цэцэрлэгийг сонгохдоо 0 зогсолт болдог цэгүүдтэй уялдуулсан юм.

Хэрэв энэ туршилт амжилттай болбол нийслэлийн хэмжээнд энэ аргачлалыг хэрэгжүүлнэ гэж 146 дугаар цэцэрлэгт ажиллах үеэрээ Ерөнхий сайд онцолсон. Мөн үр дүнг сайжруулахын тулд Боловсрол, шинжлэх ухааны яамтай нийслэлийн засаг даргын тамгын газар нягт хамтрах ёстойг санууллаа.

Ээлжийн багш нь Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн төгсөх ангийн оюутнууд байна. Тэд үндсэн багшийн ажил дууссаны дараа буюу 16:30-20:00 цагийн хооронд ажиллаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина. Суралцангаа ажиллах нь дадлагажих боломж, төгсөөд шууд ажлын байртай болох ач холбогдолтой.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close