Архангай аймагт Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг хүлээлгэн өглөө
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт хүлээлгэн өгөх арга хэмжээ 2021 оны 08 сарын 02-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. “Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жилийн түүчээ” уриатай зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээг http://www.responsiblenomads.mn/ цахим хаягаар шууд дамжуулан олон нийтэд нээлттэйгээр хүргэж байгаа юм.
Архангай аймагт төслийн үр дүнг /2021.08.02/ хүлээлгэн өгөх арга хэмжээнд ШХА-ийн НАМЭМ төслийн талаас Төслийн менежер Ц.Энх-Амгалан, Бэлчээрийн менежмент хариуцсан мэргэжилтэн Д.Булгамаа, ХШҮ-ний мэргэжилтэн Ч.Баярмаа, Малын эрүүл мэндийн мэргэжилтэн С.Дивангар, Санхүү захиргаа хоршооны мэргэжилтэн Г.Тэлмэн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Малчдын байгууллагын хөгжлийн ажилтан Л.Ганцогт нар оролцов. Архангай аймгийн талаас Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ахлагч В.Мөнхбат, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Мал аж ахуйн албаны дарга Ж.Цогтбаатар, Мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч Г.Мөнгөнхөлөг, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Ундрах тэргүүтэй холбогдох албаныхан болон Аймгийн Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Т.Батдорж, МБАНХ-ны нягтлан А.Өнөрзул, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш доктор Б.Баасанжалбуу нар оролцлоо.
Нээлтийн арга хэмжээг эхлүүлж НАМЭМ төслийн менежер Ц.Энх-Амгалан: Ногоон алт төсөл хэрэгжээд 17 жил өнгөрсөн байна. 1999-2000 онд болсон зудын үеэр НҮБ-ын шугамаар зуданд нэрвэгдсэн малчдад туслмж үзүүлэх арга хэмжээнд явж байснаа санаж байна. Тэгвэл тэр хэцүү цагт эхлэл нь тавигдсан энэ ажил маань 17 жилийн хугацаанд нүүдлийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний стандартыг баталгаажууж, бэлчээрээ оношилж, малчдаа хариуцлагажуулж, малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог бий болгож, хоршоог байгуулж, дэлхийн зах зээлд монголын нүүдлийн малын гаралтай бүтээгдэхүүнийг гарал үүслийг баталгаажуулах хэмжээнд хүрсэн байна. ШХА-ийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри “НАМЭМ төсөл дуусч байгаа юм биш. Ногоон алт төсөл бол шилжилтийн энэ хэцүү цаг үед малчид, орон нутгийн удирдлагууд, төр төрийн бус байгууллагууд Монголын хөдөө аж ахуйн салбарт шинэ замыг нээж өгч байгаа” гэж хэлсэн. Тиймээс бидний эхлүүлж, хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүнд орон нутгийн залуу боловсон хүчин олноор бэлтгэгдэж, орон нутгийн удирдлагуудын дэмжлэг авч, Бэлчээрийн чиглэлээр анхаарч ажилладаг баг хамт олон, холбоод бий болжээ. Ногоон алт төсөл анх бэлчээрээс эхэлж байсан бол одоо Монголын нүүдлийн мал аж ахуйн гарал үүслийг баталгаажуулсанаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж чадахуйц ажлыг хийсэн байна.
Дэлхийн хуурай газрын 54 хувь нь манай Монголын тал хээрийн экосистемттэй ижил байдаг.Монголын нийт газар нутгийн 80 хувийг тал хээр нутаг эзэлдэг бол үүний 71 хувь нь бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж байна. Ийм гайхалттай сайхан экосистемийг хайрлаж, хамгаалж, малчдыг хариуцлагчжуулж, орон нутгийн удирдлага боловсон хүчнийг мэдлэгжүүлсэн том төслийн ард гарч чадлаа” хэмээн онцоллоо.
Энэхүү арга хэмжээг Архангай аймгийн Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Т.Батдорж хөтлөн явуулсан бөгөөд НАМЭМ төслийн 17 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, тогтвортой байдал, Малчдын байгууллага-МАА-н үйлдвэрлэлийн шинэ үе шатыг эхлүүлэх суурь болсон талаар илтгэл тавьсан. Тухайлбал, бэлчээрийн менежмент, Малын эрүүл мэндийн баталгаажуулалт, Хоршооны хөгжил, түүхий эдийн чанар, гарал үүслийн баталгаажуулалт, боловсруулах үйлдвэрүүдийн хамтын ажиллагаа, Аймгийн бренд бүтээгдэхүүн, дотоод гадаадын зах зээлд хэрхэн нийлүүлж буй талаар онцолсон юм.
ГХБХБГ-ын мэргэжилтэн Ж.Ундрах “Архангай аймгийн бэлчээрийн газрын төлөв байдал, мал бэлчээрлэлтийн нөлөөг хянах фотомониторингийн үр дүн, түүнд суурилсан бэлчээрийн менежментийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, үнэлэхэд ашиглах нь” сэдвээр, ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга Ж.Цогтбаатар “Бэлчээр ашиглалтын гэрээ, журмыг нэврүүлэх замаар бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нь” сэдвээр тус тус илтгэл тавьлаа. МЭГ лабораторийн эрхлэгч Г.Мөнгөн-хөлөг “Малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн систем, мөшгөх тогтолцоо, цахим гарал үүслийн гэрчилгээ, загвар мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн үр дүн”-гээс, ХААИС-ийн багш доктор Б.Баасанжалбуу “МАА-н үйлдвэрлэлийг хөтлөх зохистой загварыг нэвтрүүлсэн дүн”-гээс, МБАНХ-ны зөвлөх Л.Ганцогт “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний “Хариуцлагатай нүүдэлчид” мөшгөх тогтолцоо, стандартыг хэрэгжүүлсэн үр дүн”-гээс танилцууллаа.
Архангай аймаг нь Газрын нэгдмэл сангийн ангиллаар 5531.4 мянган га газар нутагтай ба үүнээс 3742.8 мянган га бэлчээрийн талбайтай. Нийт бэлчээрийнхээ 90 гаруй хувийг ашигладаг. Малын тоо толгойн хэт их өсөлтөөс үүдэн бэлчээр доройтох, малын чанар үүлдэрлэг байдал алдагдаж, дасан зохицох чадвар буурч, мал сүрэш тэжээллэгийн хомсдолд орох аюул ойрхон байгаа юм. Бэлчээр дэх ургацаар тооцон үзвэл 7.3 сая хонин толгой мал бэлчээх боломжтой. 2011 онд хонин толгойд шилжүүлснээр 100 га-д 70толгой мал оногдож байсан бол 2018 оны байдлаар 100 га-д 286 хонин толгой боллон өссөн байна. Бэлчээрийг зохицуулалтгүйгээр нийтээр ашиглаж, ногоо ус унд сайтай газрыг нь сорчлон ашиглаж хэн ч хариуцлага хүлээхгүй, байгалын нөөцийг тултал ашиглах хандлагатай байдаг. Тэгвэл тус аймгийн малчдыг Бэлчээр ашиглагчдын хэсгийн зохион байгуулалтад оруулж, бэлчээр нутгаа хайрлан хамгаалах, хөдөлмөрөө хоршин хамтын хүчээр ашиглах, малчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх талаар олон удаагийн сургалт мэдээлэл хийж, нийт 242 БАХ бий болгожээ. Бэлчээрийг урт хугацааны гэрээгээр зөв зохистой ашиглах, хамтын хүчээр хамгаалах, баталгаажуулж, малчдыг хариуцлагажуулах зорилгоор аймгийн хэмжээнд нийт 176 БАХ-тай Бэлчээр ашиглах гэрээ байгуулж, 148 гэрээг Газрын нэгдмэл сангийн мэдээлэлд бүртгүүлэн баталгаажуулжээ. Бэлчээр ашиглагчдын гэрээг байгуулж, түүнийгээ Газрын нэгдмэл санд бүртгүүлсэнээр малчдын төдийгүй орон нутгийн удирлагууд уул уурхайтай холбоотой элдэв асуудлыг эерэгээр шийдэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүний нэг жишээ нь Их-Тамир сумын Мөнгөтийн ордын лицензийг цуцлуулахад Бэлчээр ашиглалтын гэрээ нь гол баримт болж өгсөн гэдгийг аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга Ж.Цогтбаатар онцолж байлаа.
Үндсэн илтгэгч нарыг мэдээлэл өгсний дараа Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хүрээнд бий болгосон үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Гэрээг Аймгийн ЗД-ын орлогч бөгөөд аймгийн БМАХ-ийн ахлагч В.Мөнхбат, Архангай аймгийн Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Т.Батдорж нар үзэглэв. Мөн энэ үеэр Загвар сумдын нутгийн бренд сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний үзэсгэлэнг Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Сумын бэлчээр ашиглагчдын холбооныхон зохион байгууллаа. Төгсгөлд нь НАМЭМ төслийн хамт олон хамтран ажиллаж ирсэн түнш байгууллагууддаа талархал илэрхийлж, дурсгалын зураг татуулав.
П.Нарандэлгэр