НийгэмНийслэл

Сонсголонгийн 289 урт метр гүүрийг шинэчлэн барина

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байна.

Нийслэлийн удирдлагын шинэ багийн эхлүүлж буй төслийн хүрээнд “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн Сонсголонгийн 289.4у/м гүүрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Шав тавих ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Б.Батзориг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хай Мин, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Ийнхүү Улаанбаатар хотод өрнөх 4 томоохон гүүрний бүтээн байгуулалтын нээлтийг хийж, ажил эхэлж байна. Тус гүүртэй холбогдож буй төмөр бетон авто замыг Гудамж төслийн хүрээнд 4 эгнээ болгон өргөтгөсөн тул гүүрийн зорчих хэсгийг тухайн авто замтай уялдуулан өргөтгөж, шинэчлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм.

Мөн нисэх, яармаг чиглэлд томоохон орон сууцны хорооллууд шинээр баригдаж, хүн амын нягтрал ихэсч, суурьшлын бүс тэлсэн. Гүүрийг өргөтгөн шинэчилснээр нисэх, яармаг чиглэл, тухайн чиглэлээс баруун аймгууд руу гарах замын ачаалал багасах ач холбогдолтой юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Одоо ашиглагдаж байгаа гүүрүүд нь насжилт нь 50 жил хол давсан. Урсгал болон их засвар хангалттай сайн хийгдээгүй байсан. Тиймээс шинээр барих ажлуудыг жинтэй эхлүүлж байна.

Тухайлбал, Сонсголонгийн 289 урт метр гүүрийг шинэчлэн бариснаар эдийн засаг болон нийслэл хотын төлөвлөлтөнд онцгой ач холбогдолтой юм. Энэ төслийн хүрээнд сонсголонгийн хуучин гүүрний хажууд параллелиар 10.4 метр өргөн 2 эгнээтэй, 289.4 метр гүүр шинээр барьж, хуучин гүүрийг шинэчлэн, нийт 21 метр өргөнтэй 4 эгнээ гүүр бий болно.” хэмээлээ.

Төслийн нарийвчилсан зураг төслийг зөвлөх үйлчилгээний “ГБЕТ” ХХК боловсруулсан байна. Гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” компани шалгарч, төслийн барилгын ажлыг 2017-2018 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close