М.Нандинцэцэг: Миний амжилтын гараа Эрдэнэт үйлдвэрээс эхтэй
Монголын ширэн бээлийт бүсгүйчүүдээс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны медалийг эх орондоо авчирсан боксын спортын олон улсын хэмжээний мастер, Хангарьд спорт клубийн тамирчин Мягмардуламын Нандинцэцэг Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдэг гардаад удаагүй байгаа. Тэрбээр Улсын аваргын тэмцээнд 11 жил дараалан түрүүлж, Азийн аваргаас гурван хүрэл, Азийн болон Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын шилдэг боксчин юм. Түүнийг Эрдэнэт хотод ирэх үеэр нь уулзаж ярилцсан юм.
-Юуны өмнө танд Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм алдрын эзэн болсонд нь Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. Олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, төрдөө үнсүүлсэндээ баяртай байна.
-Та бага насаа дурсаач, Эрдэнэт хотын унаган охин байхаа?
-Тийм ээ. Би Эрдэнэт хотод төрсөн. Аав, ээж маань Налайхад ТМС төгсөөд энд ирж МАНЗ-д ажиллаж байсан гэдэг. Намайг бага ангид байхад манайх Эрдэнэтээс нүүж, хэсэг хугацаанд мал маллаж байгаад, дараа нь Улаанбаатарын айл болсон байдаг.
-Эрчүүдэд ч амар биш энэ спортоор, үзэсгэлэнтэй, туяхан охин яагаад хичээллэх болов?
-Би багадаа их эршүүд охин байсан. Гүйж, харайдаг, хөнгөн атлетикийн болон аяллын уралдаан тэмцээнд оролцдог байлаа. 2003 онд сургууль дээр боксын дугуйлан хичээллэж эхэлснээр биеийн тамирын Х.Хүдэрбаатар багш маань намайг тийш хөтлөн оруулсан. Эхний үед биеэ хамгаалах зорилгоор хичээллэж байгаад сүүлдээ уг спортод эргэлт буцалтгүй орсон. Тэгээд л амьдралын минь салшгүй нэгэн хэсэг болсон доо.
-Та хэзээнээс Хангарьд клубийн тамирчин болсон бэ?
-Долоон жил бокс тоглоод 2010 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн Хангарьд клубийн тамирчин болсон. Энэ цагаас миний амжилтын гараа эхэлсэн. Миний бүх амжилт Эрдэнэт үйлдвэртэй салшгүй холбоотой. Тамирчин хүнд санхүүгийн дэмжлэг хамгаас чухал. Эрдэнэт үйлдвэр надад цалин хөлс өгч, заал танхим, амин дэм, хувцас хэрэглэлээр хангаж, зарим тэмцээнд зардлыг минь хүртэл даадаг. Би энд ирээд С.Баттулга багш дээрээ бэлтгэл сургуулилт хийдэг, тэмцээн уралдааны тактикаа ч багштайгаа хамтран боловсруулдаг. Гавьяат тамирчин хэмээх эрхэм алдрын ард Эрдэнэтийн уурхайчдын хөлс, хүч хөдөлмөр шингэсэн гэж би боддог.
-Дэлхийн аваргын анхны медаль авчирсан тэр тэмцээн сэтгэлээс тань гардаггүй байх. Энэ талаар дурсвал?
-Мэдээж хамгийн дурсамжтай сайхан тэмцээн бол 2018 оны Дэлхийн аваргын тэмцээн. Олон жил сэтгэлдээ тээсэн Дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо авчрах хүслээ биелүүлсэн болохоор тэр хамгийн сэтгэлд хүрсэн, мартагдахааргүй тэмцээн байсан. Өмнө нь олон удаа Дэлхийн аваргын тэмцээнд оролцож байсан. Медалийн өмнөх тулаан дээр хожигдох ч юмуу, ялалт авч чадахгүй тохиолдол зөндөө байсан. Тэр болгонд шантармаар байсан ч цаг нь ирнэ дээ гэж найдаад л дараагийн тэмцээнд шаргуу бэлтгэж, тууштай явсны үр дүн гарсан.
-Таныг энэ тэмцээнд багш тань ятгаж оруулсан гэдэг…?
-Миний үндсэн жин 51 кг. Боксын холбооноос энэ жинд Дэлхийн аваргын тэмцээнд өөр хүн явуулна гэсэн. Би ч больё доо гээд хоббигоороо уул хадаар тэнэж явтал Л.Энхбаатар багш минь дуудаад: “Нандиа одоо л боломж байна. Бэлтгэлдээ ор доо охин минь” гэсэн. Тэгээд хоёулаа ярилцаад 54 кг-ийн жинд оролцохоор бэлтгэлдээ шаргуу орсон.
Багшийнхаа хэлсэн болгоныг хийж, чадах хүртлээ явсан. Магадгүй би больсон бол, багш минь намайг ятгаагүй бол манай улс өдийг хүртэл дэлхийн аваргын медальгүй байх байсан. Нас чинь явчихлаа, одоо амжилт үзүүлэхэд оройтсон, чадахгүй ээ гэх басамжилсан хандлага намайг илүү хурцалсан ч байж магад.
-Боксын спортын гоё нь юу байдаг вэ?
-Рингэн дээр хүндхэн тулаан хийгээд, ялалт авчрах агшинг юутай ч зүйрлэшгүй. Медалийн тавцанд зогсох, Төрийн дууллаа эгшиглүүлэх гээд олон сайхан мөч бий. Боксын спорт эмэгтэй хүнд жаахан хүнд гэж хүн бүр мэддэг. Энэ хэцүү спортод өдийг хүртэл үнэнч яваа өөрөөрөө бахархдаг. Хүссэндээ хүрсэн юм чинь одоо больсон нь дээр гэж зарим нь хэлдэг л юм. Гэлээ ч надад ийм сэтгэл төрдөггүй ээ. Тамирчин хүний хамгийн том хүсэл мөрөөдөл бол олимпид оролцох. Тиймээс би ч бас 2024 оны олимпод тулалдах хүсэл бий.
-Токиогийн олимпийн эрхийг яагаад авч чадсангүй вэ?
-2020 оны олимпийн эрх авах хоёр тэмцээн байсан. Эхнийхэд нь шалтгаантайгаас явж чадаагүй. Дараагийн тэмцээн 6-р сард Парист болох байсан ч цуцлагдаад тамирчдыг оноогоор нь оруулсан. Миний хувьд сүүлийн нэг жил ковидоос болоод орж чадаагүй болохоор ранк дээшлээгүй. Тиймээс олимпийн эрх авч чадаагүй.
-Рингэн дээр гарахдаа юунаас эрч хүч, урам зориг авдаг вэ?
-Монгол хүний цусанд тулаанч чанар байдаг гэдэгт би итгэдэг. Зоримог, дайчин чанараараа эрчүүдээсээ дутахааргүй олон хатад байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Том тэмцээнд орохдоо “Би бол зоригт Монгол хатдын үргэлжлэл. Миний судсаар энэ агуу хатдын цус гүйж байгаа болохоор би ялна, чадна” гэж өөрийгөө хурцлан зоригжуулж бас омогшдог.
-Таны цаашдын зорилго тань юу вэ?
-Миний хувьд Дэлхийн аваргын тэмцээний дараагаас гэр бүл зохиож, охинтой болсон. Одоо бол хүүхэд оройтлоо энэ тэр зэргээр санаа зовох зүйлгүй учраас би карьерийнхаа эцсийг хүртэл боксын спортын төлөө явна. Тэгэхийн тулд дэмжлэг туслалцаа өөр хүчин зүйлс бас хэрэг болно. Энэ спортоор 40 нас хүртэл тоглох боломж бий. Энэ насанд хүрэх үедээ дасгалжуулагч болно гэж бодож байгаа. Надад санал ч их ирж байгаа. Дээр нь боломж гарвал мэргэжлийн рингэнд гарах сонирхол байгаа. Монгол хатдын цус тэнд жинхэнэ мэдэгдэнэ.
-Чиний жинд дэлхийд хамгийн сайн өрсөлдөгч хаанахын тамирчин бэ?
-Бага жинд Хятад, Казакстан, Энэтхэг гээд Азийн орнууд их сайн. Сүүлийн үед Европууд бас их сайжирсан. Манайхан ч бас дэлхийн тавцанд өрсөлдөхүйц хэмжээнд хүрчээ. Хүчирхэг охид гарч ирж байна.
-Даган дуурайж, шүтэн биширдэг тамирчид байдаг байх?
-Манай боксын спорт харж мэдрэх, даган дуурайх олон шилдэг тамирчинтай. Тэдэнтэйгээ бэлтгэл сургуулилт хамт хийж байхдаа ч, тэмцээн уралдааны үеэр ч тоглолт бүрийг нь шимтэн хардаг. Сэрдамба ахын овжин хөдөлгөөнийг сурахсан. Мөнх-Эрдэнэ ах шиг хөдөлмөрч байхсан. Бадар-Ууган ах шиг цохилтоо сайхан шингээдэг болохсон гэх мэтчилэн ах нарынхаа үйл хөдлөлөөс үлгэр дуурайлал авч өдийг хүрсэн. Гадны сайн тамирчдын тоглолтыг үзнэ. Тоглолтод нь дүгнэлт хийнэ. Тамирчин хүнд олон талын чадвар байх хэрэгтэй. Түүнийг харж, даган дуурайж, заримыг нь бэлтгэл дээр хийж үзнэ.
-Таныг ч бас даган дуурайдаг охид бий байх тэдэнд юу хэлэх вэ?
-Сүүлийн жилүүдэд охид боксын спортыг их сонирхох болсон. Таны оролцсон нэвтрүүлэг, тоглолтыг тань үзсэн. Таныг хараад бокс тоглохоор шийдсэн, зөвлөөч гэсэн мессеж охидоос их ирнэ. Тэгэхлээр би энэ хүүхдүүдийн спортын замналд нөлөөлж байгаадаа баярлаж, аль болох зөвлөж туслахыг хичээдэг.
Намайг даган дуурайж, боксын спортод хөл тавьж хичнээн ч олимпийн аварга, дэлхийн аварга төрөх юм билээ. Тэдэндээ хандаж: “Охид минь аливаад тууштай байгаарай. Энэ спортыг сонгосон л бол зүтгэлтэй байгаарай. Тэр цагт хөдөлмөр чинь чамайг үнэлнэ” гэж хэлье. Би өнөөдрийг хүртэл 17 жил тууштай хөдөлмөрлөснийхөө үр шимийг үзлээ.
-Хүүхэд төрүүлснээр таны бие бялдар болон ур чадварт өөрчлөлт орж байна уу?
-Хүүхэд төрүүлснээр эмэгтэй хүн улам цэцэглэдэг, спортынхны амжилт нь улам ч өсдөг гэж ярьдаг. Тэр ч үнэн. Одоо бол гэр бүлийнхээ болон охиныхоо төлөө илүү ихээр хичээх хэрэгтэй болж байна. Төрөөд 5 сарын дараа бэлтгэлдээ гарсан. Эхэн үедээ үнэхээр хэцүү байсан. Охиноо санаад төвлөрч ч чадахгүй. Багшдаа загнуулах ч үе байсан. Формандаа ороод жигдэрчихээр яг өмнөх шигээ болдог юм билээ.
-Нөхөр тань бас боксын тамирчин. Нэг спортоор хичээллэдгийн давуу тал бас их биз?
-Миний хань Д.Давааням Хангарьдын тамирчин, 75 кг-д тоглодог. Манай хүн бас Эрдэнэтийн унаган хүүхэд. Бид нутаг усандаа их хайртай. Томоохон тэмцээн уралдаанд явахын өмнө Эрдэнэтдээ ирж, Баян-Өндөр хайрхандаа гараад уул усандаа мөргөж, сүү цагаагаа өргөж, бүхий л зүйлээ даатгадаг. Тэгэхлээр их гоё энерги авч, ажил үйлс бүтдэг. Бид оройхон Улаанбаатараас машинаар гараад шөнө ирж хоночихоод өглөө хайрхандаа гарчихаад буцчихдаг. Бид нэг спортын, нэг нутгийнх болохоор бие биесээ сайн ойлголцдог. Хань минь түшигтэй, сайхан залуу.
-Та боксоос өөр юу сонирхдог вэ?
-Би Спорт аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. Спортынхоо хажуугаар аялах дуртай, уул хадаар тэнэх сонирхолтой. Бокс тоглох, тэмцээн уралдаанд оролцох нь багагүй стресстэй л дээ. Үүнийгээ аялж тайлдаг. Миний хобби л доо.
-Охидын дунд боксоор хичээллэж, сайхан галбиртай болно гэх яриа байх юм. Энэ хэр үнэн бэ?
-Бокс тоглоход бүх биеийн булчин чангарч, хамгийн ихээр калори шатаадаг. Бокс тоглодог гэхээр л хүмүүсийн толгойд муруй хамартай, эв хавгүй биетэй, эрэгтэйлэг охид төсөөлөгддөг байсан. Одоо өөр болсон. Эмэгтэй боксчид биеэ гоё авч явж байна. Спортын заалд эршүүд зангаа гаргаж, бусад үед эмэгтэйлэг төрхдөө анхаардаг, өөрийгөө хөгжүүлдэг болсон. Тэгэхлээр бокс биеийг өв тэгш хөгжүүлнэ. Хөл дээр байнга ажилладаг болохоор хөлийг нарийхан гоолиг болгоно.
Хүмүүс бокс тоглоход толгойд гэмтэл авдаг уу, толгой тархи чинь өвддөг үү гэж асуудаг. Өөрийгөө хэр хамгаалж, толгойгоо хэрхэн ажиллуулж байгаагаас их шалтгаална. Бокс бүх төрлийн хамгаалалттай. Жишээ нь эмэгтэйчүүд гэхэд хөхний хамгаалалт зүүдэг. Тэгэхлээр мэргэжлийн боксыг бодвол бэртэл авах нь бага. Гэхдээ хамраас цус гарах, нүд хөхрөх, гар хугарах зэрэг тохиолдол бий. Тамирчин болохоор зорьсон хүмүүст энэ мэт нь айхтар том асуудал шиг санагдахгүй.
-Сүүлийн хариултыг асуултгүйгээр танд үлдээе
-Орхон аймгийн Засаг дарга, Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, уурхайчдадаа, Спорт цогцолборын удирдлага хамт олон Хангарьд спорт клубийн багш С.Баттулга, Б.Пүрэв-Очир багшдаа баярлалаа. Захыг минь мушгиж, тэмцээн уралдаанд явах бүрт тусалж дэмждэг нутгийн зон олон Эрдэнэтчүүддээ маш их баярлалаа.
Эрдэнэт үйлдвэрийн ЗМЗ-ын ахмад ажилтан Н.Батзаяа ахдаа, Хангарьд клубийн тамирчин найз нөхөддөө баярлалаа. Та бүхэндээ Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, амьдралд нь аз жаргал, ажил үйлсэд нь амжилт бүтээлийг хүсье ээ.
Я.Энхтуяа