Нутгийн өмнөд хэсгээр халуун, хойд хэсгээр бороо хур элбэг байна
Энэ сарын 10-19-ний өдрийг хүртэл ес хоног амарна. Амралтын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр халуун, нутгийн хойд хэсгээр бороо хур элбэгтэй байх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тодруулбал, 9-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, ялангуяа төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээтэй, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зарим газар, 11, 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Харин 9-нд төвийн аймгуудын нутгаар борооны өмнө түр зуур секундэд 20-22 метр, нөөлөг салхины эрсдэл өндөр байна. Бусад хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан. Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр халуун байна.
Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа цаг уурын байгууллага болон мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа ханган, гол, усны ослоос сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.