Авлигын нийгмийн сэтгэл зүй
Авлигын шалтгааны талаарх соёлын тайлбарлалаас эхлээд эдийн засгийн загварууд гээд өдий төдий онол бий. Гэхдээ авлигын нийгэм-сэтгэлзүйн шалтгаанд, ялангуяа хувь хүний түвшинд харьцангуй бага анхаарал хандуулж иржээ.
Социологич Марина Залозная саяхны нэгэн нийтлэлдээ итгэлтэйгээр хэлсэнчлэн, хэрвээ бид авлигатай үр дүнтэй тэмцэх л гэж буй бол авлигач зан байдлын хувь хүний нийгмийн сэтгэл зүй (the individual social psychology)-д илүү их анхаарал хандуулах хэрэгтэй байна.
Хүн яагаад шударга бус үйлдэл хийдэг болох, ялангуяа хувь хүний авлигад өртөх хандлага нь тухайн хүний ёс суртахууны шинж чанар болон хүрээлэн буй орчны нөхцөл байдлаас хэрхэн хамааралтай болохыг судалж үзсэн цөөн тооны боловч өсөн нэмэгдэж буй эмпирик судалгаанууд (өмнө нь энэ блог дээр ярилцсан зарим сэдвийг оруулаад) мэдээж байгаа. Хэдийгээр, бидний ойлгохгүй байгаа зүйл олон бий ч энэхүү судалгаа зарим ойлголтыг бидэнд санал болгож буй юм.
Ихэнх хүмүүс, системчилсэн авлигад автсан орнуудад ч гэсэн, авлигыг хүлээн зөвшөөрдөггүй гэж нотолдог. Тэгвэл авлига яаж ийм өргөн тархав аа? Зарим судалгаа ёс суртахууныг чөлөөлөх замаар ердийн ёс суртахуунгүй үйлдлийг ёс суртахуунлаг гэж ойлгож хүлээж авч болохыг ч харуулж байна. Энэ нь хэд хэдэн янзаар тохиолдож болох бөгөөд тухайн хүн өөрийн үйлдлийн үр дагаврыг харж чадаж байгаа эсэхтэй холбоотой юм.
Авлигын хор уршиг нь алслагдсан, эсвэл хийсвэр байх тохиолдолд хувь хүмүүс уг үйлдлийг ёс суртахуунлаг бус зүйл гэж үзэх нь бага байдаг байна. Энэхүү ерөнхий үзэл баримтлалтай уялдаатай бусад судалгаагаар зарим хүмүүс авлигач үйлдлийг ёс суртахууны асуудал гэж үздэггүйгээс үүдэн авлигач зан байдал ихэвчлэн гардаг болохыг олж тогтоожээ.
Үүнээс ч илүү сонирхолтой, чухал зүйл бол авлига бүлэг юмуу байгууллагуудад өргөн тархаж буй сэтгэлзүйн динамиктай холбоотой байж болох юм. (Энд хийсэн судалгаатай уялдаатай, авлигад идэгдсэн байгууллагуудын соёлын шинж чанарын талаарх өмнөх хэлэлцүүлгийг Алисон Тейлорын нийтлэлээс үзнэ үү.)
Байгууллагын зарим хүмүүс авлигад автсан тохиолдолд бусад нь ч тэднийг дуурайж болзошгүй юм, учир нь тэд авлигач зан авирыг хүлээн зөвшөөрч болохуйц гэж үздэг болох, эсвэл, зүгээр л, бүгд л үүнийг хийдэг юм байна гэж боддог. Зарим судалгаа үнэнч байх утгыг онцолдог. Юу гэвэл авлигач үйл ажиллагаа, авлигын хэрэгт нь биечлэн оролцоогүй боловч түүнийг үйлдсэн нэг хүн юм уу эсвэл бүлэг хүмүүст үнэнч хүмүүс дор хаяж чимээгүй байх үүргийг мэдэрдэг байна.
Зарим хүмүүс бүлгийн гишүүн болсноор тэдний зан чанар, ёс суртахууны хандлага, байр суурь өөрчлөгдөж магадгүй нь их сонирхолтой, бас сэтгэл түгшээсэн зүйл юм. Тухайн хүн тэр бүлэгт хамрагдахаасаа өмнө ямар нэг үйлдлийг ёс суртахуунлаг бус гэж боддог байсан ч дараа нь тухайн бүлэгт давамгайлдаг адилсалд нийцүүлэн хувийн шинж чанараа өөрчилдөг болохыг Нийгмийн адилслын онол сануулдаг билээ. Судалгаанаас харахад энэхүү нийгмийн адилсалын онол нь анхны авлигач этгээд үгүй болсноос хойш удаан хугацаа өнгөрсний дараа ч авлига системд яагаад байсаар байдгийг тайлбарлаж магадгүй юм.
Хэрэв энэ судалгаа үнэн зөв бол авлигатай тэмцэх стратегид хэрэгтэй ямар зүйлийг хэлж байна вэ? Мэдээжийн хэрэг маш төвөгтэй боловч урьдчилсан хэдэн бодлыг энд оруулав:
§ Энэтхэг дэх авлигын эсрэг хөдөлгөөн шиг олон хөдөлгөөн улс төрийн асуудалд төвлөрч, тодорхой хууль тогтоомж, эсвэл, хэргийн эргэн тойронд л идэвхждэг. Эдгээр хүчин чармайлтыг авлигач ёс суртахуунд чиглэсэн нийгмийн кампанит ажлуудаар нөхөн баяжуулж, асуудлыг хувь хүний түвшинд илүү хүмүүнлэг болгох хэрэгтэй юм.
§ “Бүлгийн зан байдал”-тай тэмцэх нэг арга бол гадны хүмүүсийг татан оролцуулах явдал юм. Жишээлбэл, нэгэн туршилтад оролцогчид бүлэг дотор уг бүлэгт хамаагүй гадны ажиглагчдыг байгаа үед бүлгийн гишүүдийн гэм буруутай үйлдлийн эсрэг үйлдэл хийх магадлал өндөр байв. Судалгаанаас харахад “Бүлэгт гадны ажиглагч байх нь бүлгийн гишүүдийн гэм бурууг хувь хүнд хандуулдаг өөрийгөө ангилах үйл явцыг өдөөдөг байна.” Энэ төрлийн хөндлөнгийн хяналтыг төрийн байгууллагуудаас эхлээд хувийн бизнес эрхлэгчид хүртэл хэрэгжүүлж болох боловч өртөг өндөртэй байдаг.
§ Сонирхолтой нь, бүлгийн адилсалын өөр өөр шинж, талуудыг хувь хүмүүст сануулах нь тэдний ёс суртахууны зөн, зан авирыг өөрчилдөг байна. Энэ нь илүү ёс суртахуунлаг зан үйлийг төлөвшүүлэх зорилготой дүрс, тэмдэг, бүлгийн адилсалын бусад шинж чанарыг онцолсон (эсвэл, үл онцолсон) хөндлөнгийн оролцоо байж болох юм.
Эдгээр санаанууд нь зөвхөн урьдчилсан таамаглал төдий юм. Хамгийн чухал нь, авлигын ёс суртахуун, сэтгэлзүйн асуудлын талаар хувь хүний түвшинд илүү их судалгаа хийхгүй л бол бид тогтвортой шийдэл бүхий авлигын эсрэг стратеги боловсруулж чадахгүй юм.