Гадаад харилцааУИХОнцлох

НҮБ-ын Хүүхдийн сан болон “Пиипл Ин Нийд” ОУБ-ын Суурин төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.05.27) НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, “Пиипл Ин Нийд” олон улсын байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тим Жэнкинс нар бараалхав. 

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсад хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын аюул, бэрхшээлтэй Монгол Улс тулгарсан ч НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн 17 үндсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд ардчилал, шударга ёсыг улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд бэхжүүлэх замаар эдгээр зорилтуудыг бүрэн хангах боломжтой гэлээ. 

    Мөн ардчиллын хөгжилд залуучууд, хүүхдүүдийн дуу хоолой чухал үүрэгтэйг онцолж,  энэ удаагийн Улсын Их Хурал анх удаа өсвөр үеийнхэнд зориулсан парламентын боловсролын хөтөлбөрийг боловсруулж сурагчийн болон багшийн гарын авлага, цахим хэрэглэгдэхүүнүүдийг гаргахаар ажиллаж байгаа, энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн хүүхэд залуучуудыг хамруулсан өсвөрийн парламентын арга хэмжээг танхимаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэв. 

    Уулзалтаар талууд Монгол Улсын соёл, боловсрол, хүүхдийн эрүүл мэндийн талаар ярилцаж, санал солилцсон. Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хүүхэд, залуучуудын хөгжилд цэвэр агаар, сургуулийн эрүүл орчин тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ уян хатан болон ухамсартай байдлыг хослуулахын чухлыг онцлон тэмдэглэсэн юм.  

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлж, цаашид хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бүхий л санал санаачилгыг парламентын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close