УИХОнцлох

“Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдвээр хэлэлцэв

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа туршлага солилцох цуврал уулзалтын хүрээнд “Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт туршлага солилцох уулзалт (2021.05.04) боллоо.

    Цахим уулзалтыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Монгол Улсын парламент цахим шилжилтийг эхлүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн зааж төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангахыг зорьсон. Энэ эрхийг хангахад чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Нийтийн сонсголын тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиуд тодорхой заасан. Мөн 2019 онд баталсан Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг батлахдаа УИХ-ын үнэт зүйлсийн нэг нь иргэдийн оролцоог хангах гэж тодорхойлж парламентын үйл ажилллагааг ил тод болгох хүрээнд хийх ажлуудыг тусган хэрэгжүүлж байна.

    Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа иргэд, олон нийтийг оролцоог хангах хүрээнд зөвлөлдөх санал асуулга, нийтийн сонсгол, уулзалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах, хуулийн төсөлд бичгээр болон цахимаар санал өгөх, хуулийн төслийн ажлын хэсэгт оролцох зэрэг хэлбэрүүдийг ашиглаж байна. 2020 оны 12 дугаар сараас эхлэн ил тод, цахим парламент болох зорилтын дагуу “зөвлөлдөх ардчилал” буюу https://za.parliament.mn цахим системийн хүрээнд хууль санаачлагчдад зориулсан www.lawmaker.parliament.mn, хуулийн төсөлд иргэд, олон нийт санал өгөхөд зориулсан www.lawforum.parliament.mn зэрэг цахим платформыг ашиглаж байна. Иргэдийн хүсэлтийг цахимаар авдаг E-petition системийг нэвтрүүлсэн. Иргэдийн идэвхийг сайжруулахын тулд УИХ-аас Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг боловсруулж, батлахаар ажиллаж байна” гэдгийг онцлон тэмдэглэв.

    АНУ-ын Конгрессын гишүүн асан Боб Гүүдлэтт парламентын гишүүдэд хууль тогтоох үйл ажиллагаанд тойргийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, парламентын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах уламжлалт болон цахим хэрэгслийг хэрхэн үр дүнтэй, оновчтой ашиглах талаарх туршлагаасаа хуваалцлаа. Мөн цахим уулзалтын үеэр Ковид-19 цар тахлын үед парламентын гишүүд тойрогтоо ажиллах, иргэдтэй харилцах талаар ярилцаж, санал солилцсон юм.

    Парламентын гишүүд сонгогчидтойгоо байнгын харилцаатай байж, тогтмол яриа хэлэлцээ, уулзалт зохион байгуулж, харилцааг нээлттэй байлгаснаар тойргийн сонгогчдоо ойлгох, тэдний оролцоог хангах, сургах, зөвлөлдөх, төлөөлөх боломжтой болно. Мөн парламентын гишүүний хувьд зорилгоо амжилттай биелүүлэхийн тулд үр дүнтэйгээр олон аргыг хольж ашиглах хэрэгтэйг ноён Боб Гүүдлэтт илтгэлдээ онцлов.

Ингэснээр бүх сонгогчид тухайн гишүүнээс тогтмол мэдээлэл авч, өөрсдийн санал бодлоо илэрхийлэх, хүсэлт тавих, дэмжлэг эрэлхийлэх боломжоор хангагдах болно. Дэлхий дахинаа парламентын гишүүд сонгогчдодоо мэдээлэл өгөх, тэдний оролцоог хангах зорилгоор олон төрлийн цахим хэрэгслийг ашиглах нь улам бүр нэмэгдэж байна. Эдгээр хэрэгслүүд нь залуусыг татан оролцуулахад онцгой ач холбогдолтой боловч илүү өргөн хүрээнд олон нийтэд хүрэх томоохон боломжийг олгодог. Мөн төлөөлөл муутай, мэдээлэл, харилцаа холбооны хэрэгслийг хангалттай ашиглаж чаддаггүй бүлэг, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хүрч ажиллахад анхаарах хэрэгтэй болохыг хэллээ.

“Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт цахим уулзалтад Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Х.Булгантуяа, Д.Цогтбаатар, Г.Дамдинням, Б.Жаргалмаа, Н.Наранбаатар, Н.Учрал, Г.Ганболд, Ж.Сүхбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан болон Тамгын газрын ажилтнууд зэрэг нийт 50 гаруй хүн оролцов.

Уг цахим уулзалтыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар БНОУХ-гийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн цуврал уулзалтын хүрээнд зохион байгуулав. Тус хөтөлбөр нь сонгогчдын боловсрол, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, сайн засаглалыг хөгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх замаар ардчиллыг бэхжүүлэхийг зорьдог юм.    

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан цахим уулзалтыг хааж хэлсэн үгэндээ парламентын ардчиллыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байгаад АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, БНОУХ-д талархлаа илэрхийлж дараагийн мэдээлэл солилцох цахим уулзалтыг “Парламентын хууль тогтоох үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах нь” сэдвээр зохион байгуулахаар болсноо мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close