НийтлэлБайгаль орчинОнцлох

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн тохиолдож буй гамшигт үзэгдлүүд

Түүхэн хугацаанд дэлхийн уур амьсгал байгалийнхаа аясаар дулаарч, хүйтэрч ирсэн байдаг. Энэ нь дэлхийн тойрог замд нарийн шилжилт үүсэх, нарны энергийн өөрчлөлтөөс дэлхийн бөмбөрцөгт ирэх нарны цацрагийн өсөлт, бууралттай холбоотой юм. Гэвч өнгөрсөн зуунд дэлхийн уур амьсгалд өөр нэг хүч нөлөөлж эхэлсэн нь хүн төрөлхтөн юм.

Дэлхийн дулааралт гэдэг нь сүүлийн зуунд дэлхийн гадарга (хуурай газар, далай) орчмын агаарын дундаж температур хүний  үйл ажиллагаанаас ялгаруулж буй хүлэмжийн хийн (нүүрсхүчлийн хий, метан хий, азотлог исэл) улмаас хурдацтайгаар ихсэх үзэгдлийг хэлнэ. Хүн амын өсөлтийг даган нэмэгдэж буй хэрэглээ, эрчим хүч, хөдөө аж ахуй (газар тариалан, мал аж ахуй), аж үйлдвэр, хог хаягдал, барилга, тээврийн хэрэгсэл гээд бүх салбар нь хүлэмжийн хийг ялгаруулдаг. Тухайлбал, нийт хүлэмжийн хийн ялгарлын 14%-ийг метан хий эзэлдэг бөгөөд гол эх үүсвэр нь мал аж ахуй (мал гэх мэт хэвэгч амьтад) болон органик хог хаягдлын ялзмаг юм.

2020 онд дэлхийн дулааралт аж үйлдвэржилтийн өмнөх үеийн (1850−1900) түвшингээс 1.2°C орчимд хүрсэн (Зураг 1) бөгөөд 2024 он гэхэд 1.5°C-аас хэтрэх магадлалтай гэжээ (Дэлхийн Цаг Уурын Байгууллага 2021). Сүүлийн 10 жил (2011−2020), тэр дундаа сүүлийн 5 жил (2016-2020) хамгийн  дулаан жилүүд байлаа.

Дэлхийн дулаарлын нөлөөгөөр сүүлийн хэдэн арван жилд (1970-аад оноос хойш) цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн (хэт халалт, хүйтрэлт, ган, үер, эрс тэс цаг агаарын байдал, шороон шуурга, түймэр) давтагдал, эрч хүч ихсэж (Зураг 1), экосистем доройтох, усны нөөц  хомсдох зэрэг сөрөг үр дагавар нь хүмүүсийн аж амьдралд, ялангуяа дэлхийн хуурай уур амьсгалтай бүс нутгийн (Монгол улсыг багтаан) байгалийн нөөцөөс шууд хамааралтай амьжиргаанд ноцтойгоор нөлөөлж байна.

Хуурай уур амьсгалтай бүс нутаг нь дэлхийн нийт хуурай газрын бараг тэн хагасыг (41.3%) эзэлдэг ба ойролцоогоор 72% хувьд нь хөгжиж буй орнууд оршдог (ихэнх нь Ази болон Африк тивд). Энэ бүс нутагт амьдардаг иргэд (хөгжлийн бодлогоос орхигдсон 1 тэрбум орчим) нь хур борооноос хамааралтай газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйд (МАА) түшиглэн амьжиргаагаа залгуулдаг нүүдэлч малчид бөгөөд ихэнх нь амьжиргааны доогуур түвшинд амьдардаг (Middleton 2011).

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралт, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавраас үүдэн дэлхийн нийтийн хэмжээнд бэлчээрийн МАА-н тогтолцоо ихээр өртөж, нүүдэлч малчдын ахуй амьдрал доройтон, ядуурал, хүнсний хангамжийн эрсдэлд орох, эрүүл мэнд доройтох зэрэг нийгмийн нэн таагүй үр дагавартай тулгарч, дэлхийн дулаарлын хамгийн их хохирогчид болж байна.

Зураг 1. Дэлхийн жилийн дундаж температурын өөрчлөлт (19511980 оны дундажтай харьцуулсан байдлаар) болон гамшигт үзэгдлийн давтагдал (1970-2019) (Эх сурвалж:  NASA GISS 2020).
Зураг 2. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол оронд ихэсч  буй (ган, зуд, шороон шуурга, газрын доройтол) гамшигт үзэгдлүүд нь хоорондоо харилцан уялдаатай гамшгийн механизмыг бүрдүүлдэг ба хүний зохисгүй үйл ажиллагааны хам нөлөөгөөр эрсдэлийг улам нэмэгдүүлдэг байна (Эх сурвалж: Nandintsetseg and Shinoda 2018).

Монгол орон нь хуурай, эрс тэс ширүүн уур амьсгал, эмзэг экосистем, байгаль-цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо (бэлчээрийн МАА) зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг улсуудын нэг болоод байна.

Сүүлийн 40 жилд (1975−2015) Монгол орны жилийн дундаж температур 1.78°С-аар дулаарч, хамгийн дулаан 11 жил 2000 оноос хойш тохиолджээ. Энэ дулааралт нь дэлхийн дунджаас өндөр байгаа тул Монгол улс уур амьсгалын өөрчлөлтэд эрсдэлтэй оронд тооцогдож болохоор байна. Жилийн нийт хур тунадасны хэмжээ ихэнх нутгаар буурах хандлагатай (10%) байна (Nandintsetseg et al. 2021).

Хугацааны туршид агаар мандлын гаралтай гамшигт үзэгдлийн давтамж, эрчим, хамрах хүрээ нэмэгдсэнээс улс орны экoлoги, нийгэм, эдийн засагт учруулах хор хөнөөл ихэссээр байгаа бөгөөд цаашид ч ихсэх хандлагатайг судалгаанууд харуулсаар байна. Манай орны хувьд хамгийн их хохирол учруулдаг агаар мандлын гаралтай гамшигт үзэгдлийн тоонд ган, зуд, шороон шуурга, газрын доройтол (Зураг 2) багтах бөгөөд эдгээр нь хоорондоо харилцан уялдаатай гамшгийн механизмыг бүрдүүлдэг.

Эдгээр гамшигт үзэгдлүүд хүний зохисгүй үйл ажиллагааны (бэлчээрийн талхлагдалт, нөхөн сэргээгдээгүй газар тариалан, уул уурхай гэх мэт) хам нөлөөгөөр гамшгийн эрсдэлийг улам нэмэгдүүлдэг (Зураг 2). Манай орны хувьд ган хуурайшилт нь бусад гамшигт үзэгдлийн суурь нь болдог бөгөөд сүүлийн хорин жилд (1996-2015) гангийн давтамж, эрч хүч, далайц эрс нэмэгдсэн нь хөрс-ургамлаар дамжин уурших усны эргэлтийг нэмэгдүүлж, хөрсний чийг хурдан буурахад хүргэж, бэлчээрийн доройтлыг ихэсгэж байна (Nandintsetseg et al. 2021). Түүхэн хугацааны модны цагиргаар сэргээн босгосон судалгаагаар 1990-ээд оноос хойшхи ган нь өнгөрсөн мянган жилд тохиолдоогүйг тогтоожээ (Hessl et al., 2018).

Өнгөрсөн 45 жилийн хугацаанд авч үзвэл 2000-аад онд (2000-2014) тохиолдсон ган, зудын хосолсон гамшгийн улмаас Монгол улсад 30 орчим сая (80 гаруй сая хонины толгой) мал хорогдож (Зураг 3a), малчдын амьжиргаа, үндэсний нийгэм эдийн засагт (дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт буурсан, Зураг 3b) ихээхэн  хохирол учруулсан байна.

Тухайлбал, 2000-2002 оныг дамнасан гурван жилийн ган, зуднаар 10 гаруй сая толгой малаа алдсан бол, 2010 оны ганцхан жилийн зуднаар 10 гаруй сая толгой мал (нийт малын 23%) хорогдож, эдийн засгийн хувьд 474 тэрбум төгрөгийн хохирол учирчээ (UNDP and NEMA 2010; Erdenetsetseg et al. 2015). 2009/2010 оны өвлийн зудын гамшиг нь 1945 оноос хойш тохиогоогүй хамгийн их хохирол учруулсан гамшиг юм (Зураг 3a).

Түүнчлэн 2008 онд (5 сарын 26-27) зүүн бүс нутагт болсон хүчтэй шороон болон цасан шуурганаас 52 хүн, 280 мянган мал амь үрэгджээ (Chimgee et al., 2009).  Энэ жилд (2021 оны 3 сарын 13-14) тохиолдсон хүчтэй шороон шуурганы улмаас 9 хүн амь үрэгдэж (Дундговь аймаг), 1200 гаруй мал хорогдон, малчдын гэр, хашаа нурж онц их хэмжээний гарз хохирол учруулсан билээ.

Ийнхүү уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр нэмэгдэж буй гамшигт үзэгдлийн хор хөнөөл нь нийгэм, эдийн засгийн салбарт төдийгүй хүн амын эрүүл мэнд (нялхсын эндэгдэл, сэтгэл санааны дарамт, хоол тэжээлийн хомсдол), шилжилт хөдөлгөөн, хотжилт (агаарын бохирдол), ядуурал, хүүхдийн боловсрол, ажилгүйдэл цаашлаад бэлчээрийн МАА-н тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна (Dagvadorj 2010; Save the Children 2010; IPCC 2012; Otani et al. 2014).

Түүнчлэн 1990 оноос хойш улс төр, бүтэц-зохион байгуулалт, нийгэм-эдийн засагт гарсан өөрчлөлтүүд нь МАА, бэлчээр ашиглалтын уламжлалт тогтолцоо, тэдгээрийн өөрчлөлтөнд дасан  зохицож, түүнийг даван туулах чадварт сөргөөр нөлөөлсөөр байна. Тухайлбал 1990-ээд онд нэгдэлжих хөдөлгөөн задарсны дараа хамтын МАА-н тогтолцоог татан буулгаж, мал төрийн өмчөөс хувьд шилжсэн, гамшгийн эрсдэлийн систем нуран (хадлан бэлтгэл), нэгдэлд ажиллаж байсан иргэд малчин болж (мал маллах туршлагагүй) малчдын тоо эрс өссөн, бэлчээрийн нутгийг ямар нэгэн хяналт зохицуулалтгүйгээр нийтээр ашиглах эрхзүйн орчин бүрдсэн.

Үүний үр дүнд малын тоо хурдацтай өсөж (2-3 дахин) (Зураг 4a) (урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт), нүүдэллэх чадвар буурснаар (Kakinuma et al. 2019; Lkhagvadorj et al. 2013) нүүдлийн соёл алдагдах, малын хэт өсөлт (Зураг 3a), бэлчээрийн хэт ашиглалт, доройтол ихэссэнээр цаг агаарын гамшигт үзэгдэлд өртөх эрсдлийг улам нэмэгдүүлж байна.

Мөн мал ихтэй чинээлэг, баян малчин өрхүүдэд (нийт малчдын 19.5%) нийт мал сүргийн 50 гаруй хувийг өмчилж, энэ хэмжээгээр бэлчээр ашиглах эрхийн төвлөрөл бий болж, нөгөө талд ядуу, орлого багатай малчин өрхүүдэд (45%) мал сүргийн 13.9%-ийг өмчилж, ядуу, дунд малчдын бэлчээр ашиглах эрх хумигдаж байна (Altanbagana. 2019). Энэ нь шууд бусаар малчдын цаг агаарын  аюулт өртөх эрсдэлт байдал, мал сүргийн эмзэг байдлыг нэмэгдүүлсээр байна (Nandintsetseg et al. 2018; Oniki and Dagys 2017).

Зураг 3. 1970-2014 онд тохиосон  зудын гамшгийн хохирол: (а) малын хорогдол болон эдийн (в) засгийн хохирол.  Зудыг үүсгэгч цаг агаарын аюултай үзэгдлүүд: (с) ган болон (d) өвлийн (хүйтрэлт болон цасны хэмжээ) нөхцөл байдал. Монгол Улсын дотоодын хийт бүтээгдэхүүн (ДНБ) ба хөдөө аж ахуйн нэмэгдсэн өртөг (ДНБ-ний %) тогтмол үндэсний мөнгөн тэмдэгтэд үндэслэсэн (Эх сурвалж: Nandintsetseg et al., 2018. Scientific Reports)

Бидний судалгаагаар 2000-аад оны зудын гамшгийн хохиролд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нэмэгдэж буй цаг агаарын аюултай үзэгдлүүд, малчдын нийгэм эдийн засгийн эмзэг байдал тэнцүү хувь нэмэр оруулсан болохыг баталж, энэ нь зөвхөн байгалийн бус хүний үйл ажиллагаанаас хамааралтайг харуулсан (Nandintsetseg et al. 2018). Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гангийн давтагдал ихсэж (Зураг 3c), бэлчээрийн ургамлын ургац багасаж,  малын бэлчээр, өвс, хадлан тэжээлийн нөөц буурч, малын тарга тэвээрэг авах боломж алдагдан өвлийг даван туулах чадварыг бууруулах шалтгаан болсон байна. Хэт хүйтэн, цас ихтэй хатуу өвлийн давтамж нэмэгдсэн (Зураг 3d) нь мал бэлчээрлэх боломжийг хязгаарлаж, өвс тэжээлийн хомсдол үүсгэж,  дулааны улиралд тарга тэвээрэг авч чадаагүй мал улам турж эцэн, их хэмжээгээр хорогдох шалтгаан болжээ. Түүнчлэн малын нягтшил ихтэй (бэлчээрийн даац багтаамжаас хэтэрсэн) байдал нь туурайн зуд үүсгэх нөхцөл бүрдүүлсэн байна. 

2000-аад оны зудын гамшгийн хохирлыг бүс нутгийн хувьд авч үзвэл (Зураг 4) баруун хойд хэсгээс (Увс 3.6 сая, Завхан 5.2 сая, Говь-Алтай 4.3 сая, Архангай 5.9 сая, Өвөрхангай 6.3 сая толгой мал) өмнө зүг хүртэлх бүс нутгууд (Дундговь 3.4 сая, Өмнөгөвь 2.2 сая толгой мал)  нь зудад хамгийн ихээр хохирол (нийт малын хорогдлын 80%) амссан бол харин зүүн хойд, зүүн бүс нутаг бага өртжээ.

Зудад ихээр өртсөн бүс нутагт цаг агаарын аюулаас гадна малчдын нийгэм, малчдын эмзэг байдал, тухайлбал малын тоо толгойн өсөлт (бэлчээрийн даац багтаамжаас хэтэрсэн),  өвлийн  бэлтгэл, ялангуяа хадлан тэжээлийн бэлтгэл дутмаг байсан нь зудад ихээр өртөх гол хүчин зүйл болжээ.

Түүнчлэн бүс нутгийн ядуурал, мал маллагааны уламжлалт арга барил дутмаг, орон нутгийн эдийн засгийн чадавхигүй зэрэг эмзэг байдал нь сүүлийн жилүүдэд тохиолдсон томоохон зудын хохирлыг улам нэмэгдүүлсэн юм (Nandintsetseg, Erdenetsetseg et al. 2018; Du et al. 2018). Ийнхүү уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ойр ойрхон давтагдаж буй аюултай үзэгдлүүд нь малчдын гамшигт өртөх эрсдэлийг эрс нэмэгдүүлж байна.

Үүн дээр нэмээд малчдын нийгэм, эдийн эмзэг байдал нь энэ цаг агаарын аюулын үр нөлөөг улам нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна. Тиймээс зудад ихээр өртдөг баруун, төв, өмнөд бүс нутгийн малчдын эмзэг байдлыг бууруулах, даван туулах чадварыг нь нэмэгдүүлэх нь ирээдүйд улам нэмэгдэх хандлагатай гамшгийн эрсдлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн цаашдын төлөв улам эрчимжиж (дулааралт, хуурайшилт, гамшигт үзэгдэл ихсэх), ялангуяа хуурай уур амьсгалтай бүс нутгийн иргэдийн амьжиргаа, хүнсний хангамж, бэлчээрийн экосистемд сөрөг үр дагавруудыг улам нэмэгдүүлэх төлөв нь байгалийн баялгаас шууд хамааралтай нүүдэлч малчдын амьжиргаа, хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлэх төлөвтэй.


Зураг 4. 2000-аад онд тохиолдсон зудын гамшгийн хохирол: 2000-2014, 2009/2010 оны өвөл хорогдсон нийт мал аймаг тус бүрээр (сая хонин толгойд шилжүүлснээр тоо болон нийт малын тоонд харьцуулсан хувь)  (Эх сурвалж: Nandintsetseg et al., 2018. Scientific Reports).

Хэрэв уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавартай тэмцэх, малчдын эмзэг байдлыг бууруулах, дасан зохицох стратегийг хэрэгжүүлэх талаар дорвитой арга хэмжээ, хүчин чармайлт гаргахгүй аваас Монголын нүүдлийн мал маллагааны соёл, тогтвортой байдал алдагдаж, малчдын тоо буурч (одоо ч жил тутам буурсаар), хөдөлмөрийн зах зээлд шууд нөлөөлж болзошгүй юм. Иймээс малчдын даван туулах, дасан зохицох арга хэмжээг дэмжихэд анхаарлаа хандуулах төрийн бодлого зохицуулалт нэн даруй шаардлагатай байна.

Жич: Энэхүү судалгааны үр дүн нь Nature Scientific Reports өндөр зэрэглэлийн  олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэлээс орчуулагдсан ба олон улсын зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.

 https://www.nature.com/articles/s41598-018-33046-1

Судлаач Доктор Банзрагчийн НАНДИНЦЭЦЭГ

Нагоягийн Их Сургууль, Япон Улс

Судлаачийн профайл:

https://www.researchgate.net/profile/Banzragch_Nandintsetseg

https://scholar.google.com/citations?user=w1OHTz0AAAAJ&hl=en

https://orcid.org/0000-0002-2501-3495

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close